Нуруу нь өвддөг бол хол аялалд явахдаа юу анхаарах шаардлагатай вэ?

 


1. Машинаар хол замд удаан явах бол 1-2 цаг тутамд зогсож 5-10 минутын алхаж нурууны, хөлийн чилээгээ гаргаж зөөлөн хөдөлж байгаад аян замаа цааш үргэлжлүүлээрэй.

2. Машинд удаан суусны дараа хөдөлгөөн хийхдээ огцом тонгойх, огцом бөхийх, биеэрээ огцом мушгирах хөдөлгөөн хийхгүй байхад анхаараарай.

3. Машины суудлаа хэт налж бөгсөөрөө урагш гулсаж бүсэлхий орчмоо арагшаа гүдийлгэж сууж болохгүй. Суудалдаа аль болох тэгш суух хэрэгтэй.

4. Хэрвээ нурууны ивээс тавих бол ууц хонго орчимдоо биш, бүсэлхий орчимдоо байрлуулаарай.

5. Буудаллаж майхан барьж отоглох үедээ машинаасаа буунгуут шууд хүнд ачаа өргөх буулгахгүй байхад анхаараарай. Зөөлөн хөдөлж биеийн чилээгээ сайн гаргасны дараа ачаагаа буулгаж байгаарай.

6. Аян замд бэлдэхдээ анхнаас нь ачаа тээшээ зөөж буулгахад амар байдлаар аль болох хөнгөн жижиг байдлаар савлаж бэлдэж байгаарай.

7. Зориулалтын аяны бат бөх, тухтай сандал машиндаа заавал авч явж байгаарай.

8. Газар суух, хөлөө жийж суухаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

9. Хоол бэлдэхдээ хүнсээ газар тавьж удаан бөхийж, тонгойж ажиллахаас зайлсхийх хэрэгтэй. Аяны ширээн дээр хэт бөхийж тонгойхгүй байж хоолоо бэлдвэл нуруунд ачаалал өгөхөөс сэргийлнэ.

10. Чийгтэй нойтон газар суухгүй байвал дээр.

11. Нуруу өвддөг хүн хүйтэн усанд орсны дараа нурууны булчин чангарснаас нуруу нь их өвддөг. Тиймээс нуруу өвддөг бол хүйтэн урсгал усанд орох хэрэггүй.

12. Шөнөдөө нуруугаа дулаалж ороож бас хөлдөө оймс гутал өмсөж байвал зүгээр байдаг.

13. Машинтай хол явах, ачаа ачих буулгахдаа заавал өргөн хатуу бүс зүүж байгаарай. Хатуу өргөн бүс хөдөлгөөн хийх үед чинь нуруугаараа огцом хөдлөх, хэт бөхийж жийргэвчээ арагш шахахаас сэргийлэх, ингэснээр жийргэвчийн фиброзон цагираг урагдахаас сэргийлэх үүрэгтэй

14. Бороонд норсон хувцсаа хурдан сольж хуурай хувцас өмсөж байгаарай. Нойтон хувцастай удаан явахад нурууны мэдрэл цочирддог.

15. Өвдөлт намдаах эм авч явж байгаарай.

16. Замдаа хээр майханд хоноглох бол дулаан зузаан гудас авч яваарай. Гудасныхаа дор чийглээд хамгаалах дэвсгэр заавал дэвсэж байгаарай.

17. Бумба авч явж байхад зүгээр байдаг. Булчин чангарч өвдөөд байвал өвдөж байгаа хэсэгтээ бумба тавьж, өвчин намдаах тос түрхэж илж массаж хийж болно.

18. Машин жолоодож явах бол жолоогоо 2 гараараа барьж байгаарай. Аль болох нэг гараараа жолоогоо барихаас зайлсхийгээрэй.

19. Хоёр хөлөө урагш ижил түвшинд сунгаж тавьж байх хэрэгтэй.

20. Голын хайрцаг, цонхоо гараараа налж тулахгүй суудалдаа тэгш суухад анхаарал хандуулаарай.

21. Машинд унтаж явах бол хэвтээ байрлалд унтахыг хичээгээрэй. Суугаа байрлалд унтахад толгой хүзүүгээрээ савлаж хөдөлж явдаг учир хүзүүнд мурийлт эргэлт үүсэх, эвгүй огцом савбал хүзүүний нугалам хугарах хүртэл эрсдэлтэй. Бүүр боломжгүй бол хүзүүний дэр хүзүүндээ углаж унтаарай.

Алтанмед эмнэлэг 77071652