Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

БУЛЧИНГИЙН ЧАНГАРАЛ

 Энэ бол булчингийн тонус хэвийн бус болж, чангарах эмгэг юм.

Булчингийн чангарал нь зарим тохиолдолд нугасны гэмтэл, саа саажилт, цус харвалт, тархины гэмтэл, зарим бодисын солилцооны эмгэгүүд зэрэг өөрчлөлтийн үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг болж илрэх нь бий. Ийм үед булчингийн чангарал нь тухайн өвчин, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой хөдөлгөөний эмгэг гэж тооцогддог.
Үүний шалтгаан нь булчингийн хөдөлгөөнийг хянах мэдрэлийн замд гэмтэл үүссэнээс булчингийн ачаалал, цочролыг нэмэгдүүлж улмаар нөлөөлөлд өртсөн булчингуудыг хэвийн агшиж, сулрах боломжгүй болгодог байна. Гэхдээ ийм чангарлын үед үндсэн өвчний бусад шинж тэмдэг байхаас гадна булчингийн огцом ба гэнэтийн агшилт, хэт ихэссэн рефлекс, булчин шөрмөс өөрийн мэдэлгүй гэнэт татах зэрэг олон шинжээрээ ердийн булчингийн чангарлаас эрс ялгаатай байдаг. Булчингийн хэт чангарсан байдал нь ийм өвчтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд тухайлбал алхах, хооллох, ярих гэх мэт үйлдэлд болон нөхөн сэргээх эмчилгээний үр дүнд ихээхэн саад учруулж болзошгүй юм.
Дээр дурдсан шиг ноцтой өвчин байхгүй ч булчин чангарч болно. Булчин өвдөх нь булчин чангарсны нэг шинж гэж ойлгож болно. Булчинг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгүүд болох эгнэсэн уургуудаас тогтох саркомер нь агших үед хоорондоо ойртож, үүний дүнд булчин чангардаг. Харин булчин сулрах үед бие биеэсээ холддог. Гэмтэл, огцом хөдөлгөөн, хэт ачаалал авч хүнд юм өргөх болон булчингийн тэжээл дутагдах, цусан хангамж буурах зэрэг олон янзын шалтгаануудаас хамааран булчингийн зарим ширхэг агшсаныхаа дараа буцаж сулрахгүй агшсан хэвээрээ үлддэг. Үүнийг булчингийн чангарал гэж нэрлэдэг бөгөөд, булчингийн өвдөлтийг үүсгэдэг, удвал хатангиртдаг байна.
Нурууны өвчнөөр шаналж байгаа ихэнх хүмүүсийн хувьд нурууны булчингийн чангарал, хатангирал ажиглагддаг. Нурууны эмгэгээс болж булчин чангарахаас гадна нурууны булчингийн чангарлаас шалтгаалан нурууны эмгэг үүсэх аль аль тохиолдол адилхан ажиглагддаг.
Ихэнхдээ өөрийнхөө дааж болох жингээс хүнд зүйл хүчилж өргөх, хүнд зүйлийг буруу байрлалд өргөснөөс эсвэл бие халаалт хийлгүйгээр дасгал хөдөлгөөнөөр хичээллэх зэргээр хэт ачаалал гэнэт авснаас, удаан хугацаагаар сууж ажилладаг, ялангуяа буруу байрлалд сууж ажиллаж хэвшсэн хүмүүсийн нуруунд удаан хугацааны туршид байнгын ачаалал ирснээс нурууны булчин чангарахад хүрч, энэ нь өвдөлтөөр илэрдэг байна. Өөрөөр хэлбэл гэнэтийн болон байнгын ачааллын улмаас булчин шөрмөс ихээр агшиж, сунах чадвар, уян хатан байдлаа алдан, улмаар энэ чангарал нь нуруу өвдөх шалтгаан болдог өвчнүүдийг үүсгэнэ. Булчин ихээр чангарч, энэ нь удаан үргэлжилбэл нурууны нугалмуудын хоорондын зай ойртох, үе хоорондын жийргэвч шахагдах, ачаалал үүрч байгаа жийргэвчинд цүлхийлт үүсэж, яваандаа жийргэвчийн фиброзон цагариг урагдах зэрэг эмгэг өөрчлөлт бий болсноор нуруу өвдөнө.
Нөгөө талаар булчин чангарч байна гэдэг бол хүний бие махбодын хамгаалах урвал явагдаж байна гэсэн үг. Булчин нь нурууг бүсэлж хамгаалах үүрэгтэй байдаг. Тиймээс ч булчин чангарна гэдэг нь нуруунд ирэх ачаалал нэмэгдэхээр багана нурууг гэмтэхээс хамгаалж байгаа нэг хэлбэр юм. Нуруунд ямар нэгэн ачаалал болон буруу хөдөлгөөний улмаас аль нэг хэсэг нь гэмтэх магадлалтай байгаа болохоор илүү осолтой хөдөлгөөн хийхээс хамгаалах зорилготойгоор хүний бие чангарч байгаа хэрэг гэж ойлгож болно. Ийм чангарал нь үе үе давтамжтайгаар чангардаг. Таны нуруу байн байн давтамжтай, ойр ойрхон чангарч өвдөөд байвал мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
Булчин чангарсан үед нуруу чилж хөшиж байгаа мэт өвдөнө. Нэг байрлалд хөдөлгөөн багатай сууж хэвтсэн үед илүү мэдрэгддэг, харин босож явах хөдөлгөөн хийх үед өвдөлт багасдаг. Тиймээс ч булчингийн чангаралтай хүмүүс унтаад сэрсэнийхээ дараа нуруу чилж өвдөж байна, жаахан байж байгаад өвдөлт намдчихдаг гэж хэлдэг. Энэ нь аяндаа зүгээр болчихдог болохоор нурууныхаа өвдөлтөд анхаарал хандуулахгүй явсаар өвчнөө хүндрүүлэх хандлагатай байдаг. Булчингийн чангарал бариа массаж хийлгэхгүй, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхгүй бол өөрөө зүгээр байж байгаад суларчихдаггүй болохоор эмчлүүлэхгүй бол улам даамжирсаар, яваандаа олон хүнд өвчний эх үүсвэр болох магадлалтай гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
Булчин чангарснаас болж нуруунд өвдөлт мэдрэгдэж байгаа биш харин булчингийн чангарлаас гадна бусад олон шалтгааны улмаас үүссэн мэдрэлийн ёзоорын эмгэгийн улмаас нуруу өвдөж байгаа хэрэг. Булчингийн чангарал бол ийм өөрчлөлтийг үүсгэж байгаа олон шалтгаануудын нэг нь л юм шүү.
Хүзүү хөшнө, нуруу чилнэ, хуян шар ус хөөрнө гэдэг нь хүзүү сэрвээ, нурууны булчингийн чангарлын илрэл юм.
Булчингийн чангарлын шалтгаан нь голдуу бидний ажил амьдралын буруу дадал хэвшил байдаг. Тиймээс ч тохирсон эмчилгээнээс гадна ажил амьдралынхаа буруу дадал хэвшлийг засах нь булчингийн чангарлаас салах, улмаар илүү халтай өвчин болж хүндрэхээс сэргийлэх нэг гол нөхцөл юм шүү.