ХӨЛИЙН УЛ ХАВТГАЙРАХ ХАМ ШИНЖ

Хавтгай ул гэдэг нь хөлийн ул хэсэг тавхайн яснуудын согог эсвэл шилбэний эрээн булчингийн өсгий ясанд бэхлэгддэг шөрмөс богино байгаагаас шалтгаалан нумгүй байхыг хэлдэг.

Хүүхэд төрөх үед хөлийн ул хавтгай байдаг боловч яваандаа нумтай болж хэлбэрждэг. Тиймээс ч хоёр нас хүртлээ хүүхэд хавтгай ултай байхыг хэвийн гэж үздэг. Хүүхдийн хөлийн улны нум ялангуяа мариатай бол сайн ялгарч харагддаггүй тул эцэг эхчүүд яаран санаа зоволгүйгээр дөрвөн нас хүртэл нь ажиглаарай.

Хүүхэд зогсдог, алхдаг болсон хойноо ч хөлийнх нь тавхайн булчин болон үеүд нь гүйцэд хөгжөөгүй байдгаас уланд нь нум тийм ч хурдан үүсдэггүй. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд бүтэн улаараа зогсоход нум харагддаггүй.
Гэхдээ энэ нь хүүхдийн тань ул ерөөсөө нумгүй гэсэн үг биш. Өлмий дээрээ зогсоход нумтай нь мэдэгдэнэ, одоо сайн мэдэгдэхгүй байгаа ч нум үүсэж байгаа гэсэн үг. Иймээс нярай, бага насны хүүхдэдээ “ул хавтгайрах” гэсэн онош яаран тавих хэрэггүй. Хүүхэд өсөж том болж тавхайн яснууд бэхжин булчин хөгжихийн хэрээр буюу дунджаар 2-3 насанд улны нум үүсэж эхлээд, 5 насанд бараг бүрэн үүссэн байдаг.
Насанд хүрсэн хүмүүст ч амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалан хөлийн ул хатгайрах шинж илэрдэг.
Тиймээс клиникийн эмч нар хөлийн ул хавтгайрах шинжийг
o Хөлийн ул дагуудаа хавтгайрах
o Хөлийн өлмий өргөсөж, эрхийн үе гадагшаа товойж гажих байдлаар илрэх гэж ангилж үздэг байна.
Хөлийн ул дагуудаа хавтгайрах шинж нурууны бусад эмгэг өөрчлөлтүүдийн үед 29,4%-д хавсарч илэрдэг бол насанд хүрэгчдэд хөлийн өлмий өргөсөж, эрхийн үе гадагшаа товойж гажих байдлаар илрэх хэлбэр нь нурууны бусад эмгэг өөрчлөлтүүдийн 55,2%-д хавсарч тохиолддог.
Бид хүүхдийнхээ эсвэл өөрсдийнхөө хөлийн улны нумыг хэвийн байгааг хэрхэн мэдэх вэ?
Ортопед эмч үзлэгийн үед эмчлүүлэгчийнхээ хөлийн өвдөг, улны байрлал, өвдөг улны үенүүдийн хөдөлгөөний далайц, булчингийн ачаалал даах байдал, алхаа гишгээний онцлог, гутлын улны элэгдэл зэргийг ажиглаж үзээд анхны байдлаар оношийг тавих бөгөөд шаардлагатай бол илүү нарийн онош тавихын тулд зогсоо буюу хөлд ачаалал өгсөн байрлалд эгц болон хажуугийн рентген зураг авах аргыг хэрэглэдэг.
Насанд хүрэгчдийн хөлийн ул хавтгайрсан үед ихэвчлэн илэрдэг шинж тэмдэг бол явахад хөлийн улаар өвдөх, гишгэлт өөрчлөгдөх, тавхайгаараа майга гишгэх, гутлын ул нэг тал нь илүү элэгдэх байдлаар илэрч болно. Уланд мэдрэгдэж байгаа өвдөлт хүндэрсэн тохиолдолд хааяа өвдөг, гуя, нуруу уруу дамжих тохиолдол бий.
Алхаа гишгээ өөрчлөгдөнө. Хүнд алхаа мэдрэгдэнэ. Нурууны хэлбэрт нөлөөлж болзошгүй.
Тэгш биш хатуу гадаргуу дээр алхах, өлмий дээрээ өндийх, өсгийтэй гутал өмсөх үед хөлийн уланд өвдөлт илүү мэдрэгдэнэ.
Хөдөлгөөн хийх үед тэнцвэрээ хадгалах чадвар муудна.
Насанд хүрэгчдэд хөлийн эрхий хуруу товойж хавдах, өвдөх шинж зарим тохиолдолд илэрнэ.
Хүүхдийн ч, насанд хүрэгчдийн ч хөлийн ул хавтгайрах шинж хамгийн түрүүнд өвдөгт нөлөөлдөг бөгөөд удаан явахад хөл өвдөх, шөрмөс татах шинж илэрдэг бөгөөд ховор хүнд хэлбэрийн үед хөлийн хуруунуудын хэлбэр өөрчлөгддөг.
Харин та хүүхдийнхээ, өөрийнхөө, ойр дотны хүмүүсийнхээ хөлийн уланд ул хавтгайрах шинж байгааг шалгахаар бол юуны өмнө хэрхэн зогсож байгааг нь сайтар ажиглаарай. Гадагшаа эсвэл дотогшоо майга гишгэж байна уу? гэдгийг анзаараарай.
Бас хөлийн уланд нь усан будаг түрхээд цаасан дээр гишгүүлээд хөлийн улны хэлбэр ямар хэлбэртэй байгааг ажиглаарай. Тэгэхэд хөлийн мөрнөөс улны гадна талаараа эсвэл дотно талаараа. Бүтэн улаараа эсвэл улны зарим цэгүүдээр илүү тулж гишгэдэг нь сайн ялгарч харагддаг.

Шагайн үеэр гадагшаа гишгэдэг хүүхдэд улны гадна талд биеийн жингийн ачаалал ирдгээс хөлийн ул хүнхэр болж хавтгайрах шинж их илэрдэг учир улны ихэнх хэсэг газар хүрдэггүй бол шагайн үеэр дотогшоо гишгэдэг хүүхдэд улны дотор талд ачаалал илүү ирдэг тул улны ихэнх хэсэг газар хүрч байгаа нь энэ сорилоор илт харагддаг.
Хэрэв хөлийн өлмийн ихэнх хэсэг, өсгий хэсгээрээ гишгэсэн хэр нь улны голд хэсэг газар хөндий байгаа бол хэвийн гэж үзнэ.
Харин хөлийн улны гадна тал гишгэх үед газар хүрч байвал хөлийн ул хавтгайрах шинжийн 1-р зэрэг илэрч эхэлж байна гэж үзнэ. Хөлийн улны ихэнх хэсгээрээ, эсвэл бүх улныхаа гадаргуугаар гишгэж байвал 2, эсвэл 3-р зэргээр хавтгайрсан байна гэж үзнэ.

Шалтгаан
Үүсэж байгаа шалтгаанаар нь төрөлхийн, гэмтлийн, саажилтаас шалтгаалсан, сульдаанаас (рахит) шалтгаалсан, буруу зогсолтоос шалтгаалсан гэж ангилдаг.
Хүүхдийн тань хөлд таван нас хүрсэн хир нь нум үүсээгүй бол төрөлхийн ул хавтгай байж магадгүй гэж таамаглан эмчид хандах хэрэгтэй. Мөн эцэг эх нь хавтгай ултай байгаа бол удамших магадлалтай. Төрөлхийн ул хавтгай шинж бүх хүүхдийн 3% д илэрдэг гэсэн судалгааны үр дүн байдаг.
Гэмтлийн шалтгаантай гэдэг нь хөлийн улны яснууд болон булчин, ахиллын шөрмөсөнд гэмтэл авсантай холбоотой байдаг.
Саажилтаас шалтгаалсан нь хөлийн эрээн булчин, шагай улны орчмын булчингийн саажилттай холбоотой. Жишээ нь полимиелит өвчний үед ийм шалтгаантай ул хавтгайрах шинж илэрдэг.
Сульдаанаас шалтгаалан хөлийн улны яснууд биеийн ачааллыг бүрэн дааж явж чадахгүй байгаа үед ажиглагддаг.
Зогсолтоос шалтгаалсан хөлийн ул хавтгайрах шинж нийт тохиолдлын 82,1%-г эзэлдэг ба өвдөг тавхайны яс, булчин шөрмөсний холбоосны сулралаас ихэвчлэн шалтгаалдаг. Ийм төрлийн ул хавтгайрах шинжийн шалтгаан олон янз байдаг.
Хөлийн ул хавтгайрах нь биеийн жинтэй шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл жин ихэсвэл хөлийн уланд ирэх ачаалал ихсэж ул хавтгайрахад нөлөөлнө. Ийм өөрчлөлт ихэвчлэн жин ихтэй 16-25 насны залуу бүсгүйчүүдэд илэрдэг.
Эмэгтэйчүүдэд хөлийн улны нум тэгширч, ул дагуудаа хавтгайрах эмгэг нь 16-25 насанд элбэг оношлогддог бол өлмий өргөсөж, эрхийн үе гадагшаа товойж гажих эмгэг 35-50 насанд элбэг тохиолдож байна
Гадагшаа гишгэдэг хүүхдэд улны гадна талд биеийн жингийн ачаалал ирдгээс хөлийн ул хүнхэр болж хавтгайрах шинж их илэрдэг бол дотогшоо гишгэдэг хүүхдэд улны дотор талд ачаалал илүү ирдэг. Өсөж буй хүүхдэд байнга нумгүй гутал өмсүүлдэг нь ул хавтгайрах үндсэн шалтгаануудын нэг болж байгаа юм
Олон цагаар зогсоо нөхцөлд ажилладгаас шалтгаалан уланд ачаалал ирэх, насжилтаас шалтгаалан булчингийн хүч суларсан, олон цагийн суугаа ажилтай тохиолдолд хөлийн улны ачаалал өөрчлөгдөж улны тавилтад нөлөөлдөг тал бий.
Хөлдөө тохиромжгүй хэт бариу гутал удаан хугацаагаар өмсөх, насанд хүрсэн эмэгтэйчүүдэд хөлийн улны өлмий хэсэг өргөсөж, эрхийн үе гадагшаа товойж гажих эмгэг хожуу үүсэхэд нөлөөлдөг.

Эмчилгээ
1. Хөлийн ул хавтгайралтыг засах, хөлийн булчин суллах дасгал хийнэ. Араараа алхах нь ийм төрлийн дасгалын нэг хэлбэр болдог.
2. Тэгш гишгэж явахдаа анхаарал хандуулна.
3. Ажлынхаа ачааллыг зөв зохион байгуулна. Зөв байрлалд зогсож ажиллах, нуруунд хэт ачаалал өгөхгүй байх, ажил хөнгөвчлөх аргуудыг хэрэглэх, их удаан зогсож эсвэл явж ажилладаг бол ажлынхаа дундуур нуруугаа байн байн амрааж байх гэх мэт.
4. Гутлаа зөв сонгоход анхаарна. Нум үүсээгүй бол 5 наснаас нь хойш хүүхдэд нумтай гутал өмсгөх, эмэгтэйчүүд хэт өндөр өсгийтэй гутлаас татгалзах, аль ч насны хүн хэт бариу гутал өмсөхгүй байх гэх мэт. Гутлын өсгийний өндөр дунджаар 3-4см байх, 5см-ээс өндөргүй байх нь тохиромжтой гэж үздэг.
5. Зориулалтын нумтай улавч гутлын уландаа тавьж хэрэглэх.
6. Амрах үедээ хөлөө биеийн түвшнээс өндөр байрлуулж түр амрааж байх
7. Ажлынхаа дараа бүлээн усанд хөлөө дүрж амрааж байх, хөлийн уланд иллэг хийх аргуудыг хэрэглэх.
8. Хөл нүцгэн алхах нь бүх насныханд, ялангуяа хүүхдэд нэн тустай.