Хүний багана нурууны нугалмуудын завсраар нугаснаас салаалан гарсан хос мэдрэлийн судлуудын зарим нь ямар нэг шалтгааны улмаас цочирсноос өвдөлт болон мэдрэхүй өөрчлөгдөж илэрдэг өвчнийг мэдрэлийн ёзоорын үрэвсэл буюу радикулит гэнэ. Мөн ард иргэд ярихдаа нуруугаар хатгууллаа, нуруу татлаа, нуруунд юм орчихлоо ч гэж ярилцдаг.
Мэдрэлийн ёзоорын өвдөлт нь үрэвслийн (вирусын болон бактерийн халдвараас) болон механик (нурууны гэмтэл, нурууны нугалам хоорондын жийргэвчийн өвчин, ясны сийрэгжилтийн улмаас нугалам дарагдаж намсах, яс ургалт, төрөлхийн болон олдмол нурууны мурийлт) гэсэн 2 үндсэн шалтгааны улмаас үүсдэг.
Нөлөөлөх хүчин зүйлсийг шууд болон шууд бус гэж ангилна. Амьдралын буруу хэвшил, стресс, хүнд хөдөлмөр эрхлэх, даарах гэх мэтчилэн бидний өдөр тутамдаа хийж хэвшсэн хүчин зүйлүүд нөлөөлдөг.
Хүзүү, сээр, бүсэлхий, ахар сүүл гээд нурууны бүх л хэсэгт мэдрэлийн ёзоорын өвдөлт үүсэж болно.
Шинж тэмдэг
Мэдрэлийн ёзоор цочирсныг илтгэх гол шинж тэмдгүүд нь багана нурууны аль ч хэсэгт өвчин үүссэн байсан хүчтэй өвдөлт өгч, хөдөлгөөн хийх, байрлал өөрчлөгдөхөд өвдөлт нэмэгдэх, цочирсон хэсгийн хөдөлгөөн хязгаарлагдах, эмзэг мэдрэмтгий болох зэрэг онцлог шинжүүд юм.
Хамгийн түгээмэл илэрдэг гол шинж тэмдэг нь хүчтэй өвдөлт юм. Өвдөлт гэнэт хурц эхлэх нь олонтоо. Мөн байрлалаа өөрчлөх, эргэх хөдөлгөөн хийх, ханиалгах, найтаахад, мөн халах даарахад улам нэмэгддэг онцлогтой.
Багана нурууны аль хэсэгт цочирсноос хамааран янз бүрийн шинж илэрдэг.
Хүзүүний С1-2 нугалмын түвшинд мэдрэл дарагдахад толгой байнга өвдөх, дагз орчмоор байнга чилж хөших, толгой эргэх, тэнцвэр алдагдан дайвалзаж байгаа мэт мэдрэмж төрөх зовуурь илэрнэ. Хүзүүгээрээ эргэх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэнэ. Хүзүү байн байн гоёодож өвдөнө. Мөн хараа муудах, чих шуугих, эрүүний углуурга өвдөх зэрэг шинж илэрдэг.
Хүзүүний С3-5 нугалмын түвшинд бол хүзүү хөшиж өвдөхөөс гадна хүзүүгээ хажуу тийш хазайлгах, хүзүүгээ эргүүлэх, хүзүүгээрээ бөхийх, гэдийх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэнэ.
Хүзүүний С6-7, сээрний Th1 нугалмын түвшинд бол мөрний үеэр өвдөх, өвдөлт гар уруу доош дамжих, гар бадайрах, удаан дарж унтсан мэт мэдээ алдах, хуруунууд мэдээгүй болсон мэт санагдах хуян хөөрөх зэрэг зовуурь шинж илэрдэг
Сээр нурууны Th2-5 нугалмын түвшинд бол цээж эгэм хавиар хөндүүрлэж өвдөхөөс гадна хааяа хоол залгихад тээглэх мэт санагдах, зүрхээр хааяа хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал мэдрэгддэг. Ханиад, хоолойны өвчнөөр өвчлөмтгий болно.
Сээр нурууны Th6-8 нугалмын түвшинд бол зүрхний үйл ажиллагаа хэвийн бус болж, хэм алдагдах, санаа алдах, шалтгаангүй ханиах, зогьсох шинж илэрдэг. Хавирганы завсраар тойрч өвдсөн үед зүрхний өвдөлттэй андуурах тал бий.
Сээр нурууны Th9-12 нугалмын түвшинд бол хавирганы дагуу тойрч ороож өвдөх, цээжээрээ эргэх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэхээс гадна хоол боловсруулах эрхтний болон бөөрний үйл ажиллагаа доройтох шинж заримдаа илэрдэг.
Бүсэлхийн L1-3 нугалмын түвшинд бол нуруугаар огцом хатгаж өвдөх, өвдөлт нь бүсэлхийгээр ороож тойрох мэт дамжих, бөхийх тонгойх, мөн бүсэлхийгээрээ эргэх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэх, нурууны хөдөлгөөн хязгаарлагдах шинж илэрдэг. Монголчууд ийм үед нуруунд юм хавчуулчихлаа гэж хэлдэг. Үнэндээ мэдрэлийн ёзоор цочирч өвдөөд хөдөлж чадахгүй болсон байгаа хэрэг. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудах, гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг зэрэг шинж илэрнэ.
Бүсэлхийн L4-5, ууцны S түвшинд бол суудлын мэдрэлийн өвдөлтийн шинж илэрнэ.