- Get link
- X
- Other Apps
- Get link
- X
- Other Apps
Хөл бол бусад биеийн хэсэгтэй харьцуулахад илүү хөгжсөн булчин, биеийн жинг тэсвэрлэх боломж олгодог ясны бат бэх системийн тусламжтайгаар биеийг чөлөөтэй хөдөлгөх гол үүрэгтэйгээс гадна, яс-булчингийн тогтолцооны бүтцийн онцлогоосоо хамааран цочролыг хэсэгчлэн шингээж, нуруу, дотоод эрхтнүүдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүрэг гүйцэтгэдэг биеийн хэсэг юм.
Хүн бүр амьдралынхаа туршид ямар нэг хэмжээгээр хөл нь өвдөж үзсэн байдаг. Өвдөлт хүчтэй сул, хааяа эсвэл байнга, чилж эсвэл чинэрч гэх мэт янз бүр байдаг. Ерөнхийд нь хөл өвдөх гэж нэрлэж болох ч шалтгаан нь өөр өөр байх тул, бүх л боломжоороо шалтгааныг зөв тодорхойлж байж эмчилгээ үр дүнтэй болно.
Хөлийн өвдөлтийн төрлүүд
Шалтгаанаас хамааран хөл өвдөлтийн гурван хэлбэр байдаг.
-Ноцицептив буюу тухайн хэсэг газрын өвдөлт. Гэмтэл, үрэвслээс шалтгаалан өвдөлтийн рецептор цочирсонтой холбоотой үүсэх өвдөлт. Өвдөлтийн мэдрэмж нь тодорхой байрлалтай учир хаана голомт байгааг тодорхойлох боломжтой.
- Мэдрэлийн гаралтай өвдөлт нугасны орчим байрлах захын мэдрэл хавчуулагдаж дарагдсантай холбоотой байдаг. Өвдөлт тодорхой тогтмол байрлалгүй байх нь ч бий.
- Сэтгэцийн гаралтай. Эд эсийн гэмтэлтэй холбоотой биш, харин сэтгэлзүйн эмгэгтэй холбоотой.
Өвчин ба шинж тэмдэг
Хөлийн өвдөлт нь бие даасан өвчин биш, харин ямар нэг эмгэгийн шинж тэмдэг юм. Энэ нь арьс, булчин, ясны эд гээд өвчний голомт байгаа хэсэгт мэдрэгдэж болно. Зарим тохиолдолд ихэвчлэн мэдрэлийн эмгэгийн үед өвдөлт үүсгэж байгаа голомт нь хөлд биш биеийн өөр хэсэгт, тухайлбал нуруунд байрладаг.
Голлох шалтгаанууд
1. Үрэвсэл.
2. Гэмтэл. Зөөлөн эд няцрах, шөрмөс сунах, үе мултрах, яс хугарах, цуурах
3. Хүчилтөрөгчийн дутагдал. Захын артерийн судасны атеросклероз, чихрийн шижингийн ангиопати гэх мэт судасны эмгэг
4. Булчин чангарал. Физиологийн болон эмгэг шинж чанартай булчингийн чангарал үүсэх
5. Захын мэдрэлийн эмгэг: янз бүрийн төрлийн мэдрэлийн үрэвсэл, радикулит, бүсэлхийн нурууны остеохондроз, жийргэвчийн цүлхийлт, ивэрхийн улмаас
6. Хөлийн зөөлөн эд шахагдах, дарагдах
7. Хөлийн зөөлөн эдэд шингэн хуримтлагдах (хаван). цус, лимфийн гадагшлах урсгал, зүрхний дутагдал гэх мэт;
8. Хоргүй эсвэл хортой хавдрын өсөлт.
Ихэнхдээ өвдөлт нь нэг дор хэд хэдэн шалтгааны улмаас үүсдэг. Жишээлбэл венийн судасны дутагдалтай үед эдэд хаван, шахалт үүсдэг бөгөөд энэ нь эргээд захын мэдрэлийг гэмтээж болно.
Гэмтэл
Доод мөчний гэмтэл нь унасан, цохиулсан, даруулсан, хавчуулсан, огцом мушгирсан, хэт сунгасан зэрэг шалтгаанаар зөөлөн эдэд няцралт, цус хуралт, зулгаралт үүсэх, хугарал, мултрал, шөрмөсний гэмтэл, булчин шөрмөсний урагдал, өвдөгний үений менискийн гэмтэл гэх мэт олон төрлийн гэмтлүүд үүссэн байж болох бөгөөд өвдөлт нь гэмтэлд өртсөний дараа нэн даруй мэдрэгдэх бөгөөд гэмтлийн улмаас хөлөө хөдөлгөх боломжгүй болж болдог.
Үений өвдөлт
Үений үрэвсэл буюу Артрит. Ихэнх тохиолдолд ачаалал их ирдэг өвдөг, түнхний үе гэмтлийн дараа, халдвар, аутоиммун, мөн бодисын солилцооны эмгэгтэй холбоотойгоор үрэвсэж өвддөг бол шагай болон хөлийн жижиг үеүд арай цөөн өвддөг. Артритаар өвдсөн бол өвчтөн үрэвслийн үед ихэвчлэн илэрдэг шинж тэмдгүүд болох байнга болон хөдөлгөөн хийхэд нэмэгдэх өвдөлт, үений хавдар, үений орчмын арьсны улайлт, хөдөлгөөн мэдэгдэхүйц хязгаарлагдах зэрэг зовиураа сайн анзаардаг. Өвчин хурц биш үед эдгээр шинж тэмдэг тод биш илэрч болно. Тодорхой байрлалтай байх нь ч бий. Жишээ нь: Тулай нь ихэвчлэн хөлийн эрхий хурууны үенд илэрдэг бөгөөд хоолны буруу дэглэмээс шалтгаалан тохиолдох нь элбэг.
Aртроз буюу үений гадаргууг бүрхсэн мөгөөрсөн эд ясжих өвчин. Нас ахих тусам үенд ясны ургалт - остеофитууд үүсч, үений өвдөлтийн рецепторуудыг цочроосноос үүсдэг. Өвдөлт нь зогсоо байдал , хөдөлгөөн хийх үед нэмэгддэг, хөдөлгөөн багатай суугаа үед арай бага өвддөг, үе мөч хөших , ялангуяа хөдөлгөөнгүй байрлалд удаан хугацаагаар байсны дараа өглөө хөшилт илүү мэдрэгддэг зэрэг шинжүүд илэрч өвчин хүндрэхийн хэрээр үенд ноцтой гажиг үүсдэг.
Булчингийн өвдөлт
Хөлийн булчингийн өвдөлт нь булчингийн үрэвсэл (миозит), булчингийн гэмтэл, түүнчлэн булчингийн ширхгүүдэд сүүний хүчил (бие махбодийн ачааллын дараа) хуримтлагдахтай холбоотой байж болно. Өвдөлт хурц мэдрэгдэж , булчингийн идэвхтэй хөдөлгөөний дараа нэмэгддэг. Мөн шалтгаанаас хамааран гэмтэл, үрэвслийн шинж тэмдэг ажиглагдаж болно. Ачааллаас шалтгаалан үүссэн бол яваандаа өвдөлт арилна.
Шөрмөсний өвдөлт
Шөрмөсний өвдөлт нь ихэвчлэн гэмтэл, үрэвсэлтэй холбоотой байдаг. Өвдөлт нь ихэвчлэн том үений орчимд мэдрэгддэг бөгөөд хөдөлгөөнөө хязгаарлахад багасдаг.
Судасны шалтгаантай өвдөлт
Хөлийг артери, венийн судсууд цусаар хангадаг. Хөлийн өвдөлтийн шалтгаан болох нийтлэг тохиолддог судасны эмгэгүүд нь :
Хелийн венийн судсууд бүдүүрэх. Энэ өвчний үед захаас төв рүү чиглэсэн цусны буцах урсгал тасалддагаас венийн судсыг аажмаар өргөсүүлэх, хөлийн хаван дагалдах шинжээр илэрдэг. Өвдөлт нь ихэвчлэн оройн цагаар , удаан зогссоны дараа нэмэгддэг. Хүндэрсэн тохиолдолд арьс нь харлаж, арьс нь нимгэн болж, эмчлэхгүй бол энэ хэсэгт архаг шархлаа үүсдэг.
Флебит буюу венийн судасны үрэвсэл, тромбофлебит буюу венийн судас бөглөрөх өвчнүүдийн үед халуу оргиж чинэрч өвдөх бөгөөд арьс улаан болж, хүрэхэд халуун, өвдөлт мэдрэгддэг.
Артери эсвэл венийн судасны тромбозын үед цусны бүлэгнэлтийн улмаас судасны хөндий бүлэгнэсэн цусаар бөглөрч цусны эргэлтийн хурц эмгэг дагалддаг энэ хэсэгт хүчтэй цочмог өвдөлт мэдрэгдэж, хөл хавдаж, цус дутагдсанаас арьс нь цэнхэрдүү өнгөтэй болдог.
Доод мөчдийн атеросклероз нь жижиг судаснууд холестерины хуримтлалаас болж бөглөрч нарийссанаас эд эсийг хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг . Эхний үед өвдөлт нь зөвхөн эрчимтэй дасгал хийх удаан алхах үед мэдрэгддэг байснаа , дараа нь хүндрэхээр хэвийн тайван байх үед ч мэдрэгдэх, хөлийн цусан хангамж муудсаар яваандаа их хүндэрвэл хөлд гангрен буюу үхжилт үүсдэг.
Чихрийн шижингийн ангиопати нь цусан дахь глюкозын хэмжээ ихэссэнээс судасны хана ихээр гэмтэж, үхжилт буюу гангрена үүсгэдэг.
Мэдрэлийн гаралтай өвдөлт
Хөл гэмтээгүй үед хөл өвдөхөд хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаан нь бүсэлхийн нурууны шохойжилт, түүнчлэн түүний хүндрэлүүд: жийргэвчийн цүлхийлт, ивэрхийн улмаас нугас, мэдрэлийн ёзоор, мэдрэлийн судал шахагдаж хавчигдсаны улмаас үүсэх өвдөлт юм. Нурууны нугалмын хоорондох жийргэвч цүлхийснээс мэдрэлийн судал гарах нарийхан нүхийг улам нарийсган шахаж, мэдрэлийн судал нурууны яс , цүлхийсэн жийргэвч хоёрын хооронд хавчуулагдан энэ нь өвдөлтийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл хөлд эмгэг өөрчлөлт үүсээгүй ч хөлийг мэдрэлжүүлдэг бүсэлхий ууцны орчим мэдрэл хавчуулагдсанаас хөл өвдөнө гэсэн үг. Өвдөлт нь ихэвчлэн мэдрэлийн судал явах замын дагуу түнх, гуяны арын хэсэг, хөлийн тахим, шилбээр өвдөж, өвдөлт нь хөдөлгөөн хийхэд эрс нэмэгдэж, тайван байх үед , хэвтээ байрлалд бага зэрэг буурдаг.
Ихэнхдээ хөл бадайрах, ирвэгнэх, хөлийн арьс мэдрэмтгий болох, булчингийн хүч, хөдөлгөөний далайц буурах, хөл хөрөх зэгэрг зовиурууд дагалддаг.
Бусад өвчин
Хөлийн өвдөлт нь бусад арьсны халдвар , ясны үрэвсэлт үйл явц (остеомиелит), зөөлөн эд, булчингийн буглаа, целлюлит, хоргүй эсвэл хорт хавдар зэрэг шалтгаанаас болж үүсч болно.
Оношилгоо
Гол нь мэргэжлийн эмчид хандаж үзлэгт хамрагдах шаардлагатай. Энэ зөвлөгөө ч таныг тухайлсан мэргэжлийн эмчид хандах чиг баримжаа аваасай гэсэндээ бичсэн зөвлөгөө юм. Тэр нь гэмтлийн эмч, согог заслын эмч, үе мөчний эмч, мэдрэлийн эмч, уламжлалтын эмч, мэс засалч эсвэл манай эмнэлэгт ажилладаг шиг нуруу засалч гээд бусад эмч байж болно. Эмч таны зовиур, өвчний түүхийг асууж, бодит үзлэг хийж, шинжилгээтэй танилцаад урьдчилсан онош тавьж зохих зөвлөгөө өгч эмчилгээ бичнэ. Шаардлагатай бол дараагийн шатны эмнэлэг , шинжилгээ үрүү эсвэл өөр мэргэжлийн эмч үрүү илгээнэ.
Мэргэжлийн эмч таны өвчнөөс хамааран шаардлагатай бол тодосгогчтой эсвэл тодосгогчгүй рентген зураг, бага давтамжтай CT эсвэл MRI, үе мөч, артери, судлууд, зөөлөн эдүүдийн хэт авиан шинжилгээ, лабораторийн оношилгоо: цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, хавдрыг илрүүлэх шинжилгээнүүд, артроскопи (үе мөчний хөндийг дотроос нь шалгах), сэжигтэй хавдрын биопси, электромиографи, электроневромиографи зэрэг шинжилгээнүүдийг хаана хэрхэн хийлгэхийг зөвлөнө.
Зөвлөгөө бичих бүрд хүмүүс яаж эмчлэх вэ гээд асуугаад байдаг.
Эхлээд оношоо тодруулсаны дараа эмч өвчний шалтгаанаас хамаарах зохих эмчилгээг бичиж өгнө. Тэр нь хөдөлгөөнгүй болгож шохойдох, хадуулах (гэмтлийн хувьд), өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эмүүд (үрэвслийн хувьд), цусан дахь холестерины хэмжээг хэвийн болгох, шээсний хүчлийн хэмжээг бууруулах эм (бодисын солилцооны өөрчлөлтийн хувьд), бичил эргэлт ба / эсвэл венийн гадагшлах урсгалыг сайжруулдаг эмийн бодисууд ( судасны гаралтай өөрчлөлтийн хувьд), физик эмчилгээ: соронзон эмчилгээ, лазер эмчилгээ, электрофорез, шарлага гэх мэт, уламжлалт эмчилгээ бариа, зүү, засал ,массаж, дасгалын эмчилгээ, рашаан сувиллын эмчилгээ ( мэдрэлийн гаралтай өвдөлтийн хувьд), мэс заслын эмчилгээ ч байж болно. Мэс заслын эмчилгээг энгийн эмчилгээний аргууд үр дүнгүй эсвэл үр дүнгүй байх магадлалтай тохиолдолд хэрэглэдэг. Хорт хавдар, их хэмжээний хугарал, артрозын хүнд үе шат, венийн судас, гангрена гэх мэт.
Дур мэдэн хөл өвдсөн гэх бусаддаа зөвлөгөө өгөх нь ямар аюултайг ойлгосон байх гэж найдаж байна.
Алтанмед эмнэлэг
7707-1652
- Get link
- X
- Other Apps