КАНАД: Нугалам гулсах эмгэгтэй залуугийн 1 жилийн түүх



Дэлхий даяар өргөн хэрэглэгддэг РЕДДИТ хэмээх олон нийтийн форум сайт байдаг. Өдгөө 70 гаруй сая хэрэглэгчидтэй, хэрэглэгчид нь бараг бүхий л сэдвээр өөр хоорондоо мэдээлэл солилцдог, салбартаа аваргуудын тоонд багтахаар ийм нэгэн сайт дээр Роцеус хэмээх хэрэглэгч өөрийн түүхээ хуваалцжээ.

Роцеус тухайн үедээ 27 настай, нягтлан бодогч мэргэжилтэй, чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг, ялангуяа гүйлтийн спортод дуртай нэгэн байв. 2019 оны 4-р сард тэрээр аав, ээжийнхээ гэрээс өрх тусгаарлаж бие дааж амьдарч эхэлсэн нь түүний хувьд гарсан томоохон өөрчлөлтийн нэг байлаа. Шууд л Торонто хотод өөрт таалагдсан амьдрах байраа нэг жилээр түрээслэв. Бие даасан  шинэ амьдралын хэв маяг нь түүнд таалагдаж байв.

Роцеусын 2019 оны томоохон зорилгуудын нэг нь тухайн оны 10-р сарын 20-нд болох Торонто Вотерфронт марафонд спринт триатланоор оролцох байсан. Спринт триатлон гэдэг нь олимп, олон улсын наадамд багтдаг усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн гурван төрлийн нийлбэр. Роцеусын оролцохыг хүсэж байсан Спринт триатлон нь  750 метр сэлээд 20 км дугуйгаар уралдаж, 5км гүйдэг хэн хүний хийхээргүй хүнд спортын тоонд ордог уралдаан байсан ба бас түүний спринт триатлоноор оролцох анхны тэмцээн байж. Мэдээж тэрээр дасгал, бие халаалтыг тогтмол хийж тэмцээндээ бэлтгэж эхлэв.

2019 оны 5-р сард Роцеусын гэдэс маш хүчтэй өвдсөн ба тэрээр өөрийнхөө олгойг хагарсан байна гэж бодов. Ингээд  өөрт ойрхон эмнэлгийн түргэн тусламжид хандаж яаралтайгаар хэвлийн хөндийн СТ буюу компьютер томографын шинжилгээнд оров. Ингээд шинжилгээ дууссаны дараа яаралтайн сувилагч Роцеус дээр ирээд шинжилгээний хариуг хэлэв. Эхлээд сувилагч “Таны олгой хэвийн байна!” гэж хэлэхэд Роцеусын санаа амарсан ч сувилагч ахин ам нээж “Гэхдээ таны нуруунд асуудал байна!” гэж хэлэхэд Роцеус шууд л “Хавдар уу?” гэж дуу алдсан байгаа юм. Энэ үед түүний гэдэс өвдсөн хэвээр байсан ба цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт нь хүндэрч байгааг мэдэрч байв.

Удалгүй яаралтайн эмч Роцеус дээр томографын зурагтай ирээд хуруугаараа зааж чухам түүний өвдөлтийн шалтгааныг тайлбарлав. Роцеуст үнэндээ эмч ч тайлбарлаад байх шаардлагагүй, мэргэжлийн бус хүн хараад ч ойлгохоор нурууны байршлын эмгэг илэрчээ.

Роцеусыг тарчлааж байсан энэхүү өвчин нь НУГАЛАМ ГУЛСАХ ЭМГЭГ буюу СПОНДИЛОЛИСТЕЗ юм. Н.Алтанхундага эмчийн “Таны нуруу яагаад өвддөг вэ?” номын тайлбарт: Спондилолистез  гэдэг нь нурууны дараалсан нугалмуудын жийргэвч гулсаж дээд, доод нугаламтай нь харьцуулахад аль нэг тийшээ  гулсаж байрласан байдлыг хэлдэг.

Энэхүү өвчний шалтгаан нь насжилт, спортын болон болон ахуйн гэмтэл, нурууны булчингийн огцом агшилт, хэт ачаалал, ажил мэргэжлийн онцлог, амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалж үүсдэг хүзүү, нурууны нугаламд үүсдэг, ихэвчлэн хүзүүний С5, С6, бүсэлхийн  L3-аас L4, L4-ээс L5, L5-аас S1  нугалмуудын түвшинд  тохиолддог.

Роцеусын хувьд  түүний ууцны L5 хэсэг дээр нугалам гулсалт үүссэн байсан ба аль хэдийн 4-р зэрэгтэй гэж оношлогдов. 4-р зэрэг гэдэг нь нэлээн хүнд гулсалт тул мэргэжлийн бус Роцеуст хүртэл ойлгомжтой санагдаж байжээ.

Үүнээс хойш Роцеус олон сарыг сэтгэл түгшлийн байдалтай өнгөрүүлсэн ба ажил мэргэжил, хобби, амьдралын хэв маяг нь орвонгоороо эргэж ганц хагалгаанд найдахаас өөр арга үлдээгүй. Ядаж байхад эмч түүнд хагалгаанд ороод багадаа 2 жилийн дараа спортоор хичээллэх, ялангуяа гүйж болно гэж зөвлөсөн нь Роцеусын сэтгэлийг эмзэглүүлж байсан. Ингээд буцаад л аав ээж дээрээ нүүх, нэмээд хүний асаргаанд орох, саяхан тусдаа биеэ дааж эхэлсэн амьдрал нь огцом өөрчлөгдөх болсон зэрэг түүний хувьд жинхэнэ сэтгэлийн там болжээ.

2019 оны 10-р сарын 4-нд Роцеус нуруундаа бэхэлгээ хийлгэх мэс засалд орсон. Түүний мэс заслын дараах хамгийн эхэнд сонссон зүйл нь сувилагчийн хэлэх “Хөлийнхөө хурууг хөдөлгөж чадаж байна уу?” гэх асуулт байв. Ер нь нуруу нугалмын байршлын эмгэгийн аюултай тал нь саажих эрдэлтэй гэгдгээрээ аюултай. Азаар тухайн үед Роцеусын анастези бүрэн гараагүй ч хөлийн хуруунуудаа хөдөлгөж санаагаа амраасан гэж тэрээр дурьджээ.

Мэс заслын дараах эмнэлэгт эмчлүүлсэн 5 хоногт Роцеуст маш хүнд байв.  Нурууны өвдөлт нь өргөс авсан мэт зүгээр болоогүйн дээр баруун хөлийнхөө мэдрэлийг бага багаар алдаж байв. Хагалгааны үеэр нугасны шингэн алдсанаас толгой нь урьд өмнө мэдрээгүйгээр маш хүчтэй өвдөж, шаналгаж эхлэв. Ядаж байхад Роцеустай хамт нэг тасагт эмчлүүлж байсан өвчтөний биеийн байдал хүнд байснаас болоод сэтгэл санаагаар унаад эхлэв.

Эмнэлгээс гарсны дараа Роцеусын сэтгэл санаа бага зэрэг тайвширсан ч асуудал ингээд дууссангүй. Түүнд маш хүчтэй мэдрэлийн өвчин мэдрэгдэж бараг хоёр сар гаруй дутуу нойртой хонов. Ядахдаа яг шөнө болохоор л өвчин илүү хүндэрч байсан тул эмч дээрээ очиж эмийн жор бичүүлж, мэдрэлийн өвчин, чихрийн шижингийн нейропати, герпес зостерийн үед уудаг ПРЕ-ГАБАЛИН буюу манайд зарагддаг ЛИРИКА, өөр брэнд нэр нь ЛИРИБИГ бичүүлж уусан байгаа юм. Эмийн эмчилгээний дараа Роцеусын өвдөлт мэдэгдэхүйц багассан ч өвлийн саpуулад эмийн гаж нөлөө илэрч сэтгэл хямрал, сэтгэл түгшүүрийг дагуулав. Прегабалин нь эпелипси, нейропатын өвдөлт, фибромиолгиа зэрэг өвчний үед хэрэглэдэг эсийн мембраны кальцийн сувгийн ингибитор болдог эм. Нийтлэг гаж нөлөө нь толгой өвдөх, эргэх, нойр хүрэх, ой санамж муудах, орон зайн баримжаа алдагдах, ам хуурайших, хараа муудах, жин нэмэх зэрэг багтдаг ч ноцтой гаж нөлөөнд харшил үүсэх, амьсгал хүндрэх, сэтгэц- зан үйлийн өөрчлөлт, сэтгэл хямрал, түгшүүр зэрэг шинжийг үзүүлдэг.

Нөхцөл байдал хүнд, гэнэтийн энэ өвчин зовлон түүнд хэцүү байсан ч түүний биеийн байдал бага багаар сайжирч байгааг Роцеус анзаар ч эхэлсэн байгаа юм. Тухайн оныхоо 12-р сард Роцеус мэс засал хийсэн эмчтэйгээ уулзсан. Эмчтэйгээ уулзах үедээ Роцеус хэвийн амьдралдаа эргэн орно гэсэн бодолтой байсан ч эмч түүнд “Ахин 3 сар энэ хэвээр биеэ тэнхрүүл!” гэж зөвлөжээ. Эмчийн энэ зөвлөгөө Роцеусын сэтгэлийн галыг бөхөөсөн гэж дурджээ. Өдөр хоног дуусашгүй мэт санагдсан ч аажимдаа тэрээр нөхцөл байдалдаа бага багаар дасан эхлэв.

Ингээд удалгүй Роцеусын мэс заслын эмч түүнийг хагалгааны дараах сэргээн засах эмчилгээгээ эхлүүлэх шаардлагатайг анхааруулсан. Роцеус ч хагалгааны дараах мэс заслын сэргээн засах эмчилгээгээ эхлүүлсэн. Азтай нь Роцеусын нэг танил найз нь сэргээн засалч болж таарсан ба гэрээр эмчилгээ хийж эхлэв.

ҮҮнд нэг анхаарах зүйл нь юу байв гэвэл нуруу, нугалмын мэс заслын дараах сэргээн засах, физик эмчилгээ их чухал байдгийг  Роцеусын кэйсээс бид мэдэж авч байна. Ялангуяа мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ хийлгээгүйгээс эсвэл хугацаа хожимдсоноос өвчин хүндрэх, сэдрэх аюултай байдаг. Монголд ажиглагддаг нийтлэг нэг буруу ойлголт нь мэс засал хийлгээд эдгэчихнэ гэдэг бодол байдаг.

ЭКОНОМИСТ сэтгүүлийн мэдээлснээр Америкийн нэгдсэн улс дахь нуруу, нугасны мэс засалд орсон 85,000 үйлчлүүлэгчдийн 87% нь  ахин өвдөлтөөс шалтгаалж эмийн болон бусад төрлийн эмчилгээ, үйлчилгээ авсан, 15% нь ахин мэс засалд орсон гэх тоо мэдээг зарлажээ. Өөрөөр нуруу, нугасны мэс заслын өмнөх болоод дараах эмчилгээ, хувь хүний амьдралын зөв дадал хэвшил зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

           

Роцеусын хувьд сэргээн засах эмчилгээг хийлгэж эхэлснээс хойш өдөр өдрөөр биеийн байдал нь сайжирч байгааг мэдэрч эхэлсэн. Роцеус долоо хоног бүр эмчилгээний хөдөлгөөн засал, дасгал хөдөлгөөнүүдийг хийснээр бие болоод сэтгэцийн хувьд эрс сайжирсан.

Ингээд  Роцеус анх  нугалам гулсах эмгэгтэйгээ мэдсэнээс хойш жил гаруй хугацааны дараа буюу 2020 оны 3-р сард    эмчтэйгээ уулзаж үзлэгтээ хамрагдсан. Эмч түүнийг 4-р сарын 1-нд ажилдаа эргэж болохыг зөвшөөрсөн.

Роцеус бүтэн нэг жил гаруй хугацааны дараа хэвийн амьдралдаа эргэн орсондоо хязгааргүй жаргалтай байснаа дурджээ. Ингээд эмчийн хяналт дор сунгалтын дасгал хийж, 5км гүйж жинхэнэ амьдралын амтыг мэдэрсэн гэхэд болно.

            Роцеус одоо ч мэдрэлийн гаралтай өвдөлтийг мэдэрч байгаа ба шөнөдөө хааяа унтаж чадахгүй болтол өвдөлтийг мэдэрч, унтаад сэрэхдээ  эсвэл удаан хугацаагаар суухад нуруундаа хөшингө, чилсэн мэдрэмжийг мэдэрдэг болсон. Сардаа нэг удаа өнөөх өвдөлтийг мэдрэх нь хэвийн үзэгдэл мэт болсон. 


Роцеусын хувьд нугалмын гулсалт нь гэнэт үүсээд амьдралынх нь 1 жилийг түүнээс хулгайлаагүй. Бүтэн 8 жилийн турш түүний нуруу чилэх, өвдөх зэрэг олон шинж тэмдгийг түүнд үзүүлж байсан ч тэрээр нэг их тоогоогүй. Анх фитнесээр хичээллэж эхлэхдээ ч тэр амьдралын буруу дадал хэвшил, нуруу нугалмын байршлын эмгэг үүсгэхээр фитнесийн хүнд дасгал хөдөлгөөн хийх зэрэг эрсдэлтэй зүйлсийг хийдэг байснаа хүмүүст анхааруулжээ.

            Роцеус анх нурууны нугалмын 4-р зэргийн гулсалттай гэдгээ мэдэхдээ 27 настай байсан. Одоо тэрээр 32 настай. Роцеус өөдрөг хүн байсан тулдаа дасгал хөдөлгөөнөө хаяагүй.

            Ер нь сүүлийн үеийн судалгаануудаас нурууны өвдөлт нь сэтгэцэд нөлөөлдөг, ялангуяа ахин өвдөх вий гэсэн айдас, бүхий л анхаарлаа өвдөлтөндөө хандуулснаар хүний сэтгэц, зан хандлага хүртэл өөрчлөгдөж болохыг судлаачид баталсаар байна.

            Роцеус дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, марафон, триатлонд орохдоо аль болох өвчиндөө анхаарал хандуулахгүй байхыг хичээж, зөв дадал хэвшлээр хичээллэхийг хичээдэг болсон байгаа юм.

                        Одоо тэрээр Реддит сайтад өөртэй нь адилхан өвчтэй хүмүүст өөрийн туулсан туршлагыг хуваалцаж, нуруу нугалмын өвдөлт ямар аюултай болох  талаар анхааруулж, эмчид хандахыг зөвлөсөөр байгаа юм.


Хэрэв та нугалам гулсах эмгэгийн тухай эмчийн зөвлөгөөг унших бол ЭНЭ дээр дарна уу.

АЛТАНМЕД НУРУУНЫ ЭМНЭЛЭГ 

УТАС: 7707-1652

Мэдээ бэлтгэсэн: Админ

2024 он