Нурууны үенд цүлхийлт эсвэл ивэрхий үүснэ, нуруунд суулт үүссэнээс нурууны мэдрэл дарагдана гэж яг юу юм бэ?
Нуруу, хүзүү минь өвдлөө гэж үзүүлж эмчлүүлэхээр эмнэлэгт маань ирж байгаа эмчлүүлэгч нарын маань ихэнх нь нуруу өмнө нь чилж өвддөг байснаа, энэ удаа өвдөлт нь хөл үрүү дамжаад намдахгүй байна, удаан бөхийж сууснаас, тонгойж юм өргөснөөс булчин чангараад нуруу өвдөөд байх шиг байна, бариа хийлгэе гэж ирдэг ч үнэндээ аль хэдийн жийргэвчийн цүлхийлт, ивэрхий үүссэн өөрчлөлттэй, хагалгааны заалттай болсон байдаг ч яг ямар өөрчлөлт нуруунд нь бий болсноос эмч ингэж зөвлөсөн бэ, ямар эмчилгээ шаардлагатай вэ, хэр удаан эмчлэгдэж байж эдгэх вэ гэдгийг сайн ойлгоогүй байгаагаас ганц хоёр курс бариа хийлгээд эдгэчихнэ, нэгэнт цүлхийсэн эсвэл урагдаж сэмэрсэн диск нь эргээд амархан агшчихна гэж ойлголттой ирэх нь цөөнгүй.
Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол хүний бүх биеийн жинг үүрч, үүнийхээ зэрэгцээ хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжтайгаар эдгээр үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг.
Нурууны нугалмууд хоорондоо нугалам хоорондын жийргэвч буюу диск гэж нэрлэгддэг зөөлөн эдээр холбогдон мөн зааглагдаж байдаг. Энэ жийргэвч нь хүний багана нурууны хөдөлгөөнийг уян зөөлөн болгож, багана нуруунд, тухайлбал нурууны нугалмуудад ирэх ачааллыг багасгаж зөөлөвчний үүрэг гүйцэтгэж байдаг бөгөөд гадуураа фиброзон цагариган бүрхүүл бүхий мөгөөрс маягийн бүтэцтэй байдаг.
Нурууны ясны хөндийгөөр нугаснаас салбарласан 32 салаа хос мэдрэл гарах бөгөөд эдгээр нь 4 мөч, их биеийн гадна тал, арьс булчин, шөрмөс, дотор талд цул сав эрхтнүүд, дотоод эрхтэн тогтолцооны мэдрэлийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй оролцдог.
Тэгвэл нугалмуудын хоорондох жийргэвч голдуу бидний амьдралын буруу дадл хэвшлээс үүдэлтэй ямар нэг шалтгаанаар удаан хугацаанд байнга дарагдаж шахагдсаар жийргэвчийн доторх даралт ихсэн, гаднах фиброзон бүрхүүл нь нимгэрч нугалмын ирмэгээс давж нэлэнхийдээ эсвэл хэсэг газартаа гадагш товойхыг жийргэвчийн цүлхийлт гэж нэрлэдэг.
Хэдийгээр цүлхийлт үүссэн үед фиброзон цагариг урагдаагүй байж болох ч том хэмжээний цүлхийлтийн үед цүлхийсэн жийргэвчийн хэсэг нугаснаас салаалсан мэдрэлийн ёзоор дарагдаж, өвдөлтийн шалтгаан болж болох юм.
Гэнэтийн хүчтэй ачааллаас нугалмын ирмэгийг давж цүлхийсэн жийргэвчийн фиброзон цагариг нь огцом шахагдсанаас урагдаж жийргэвчний доторх цөм нь нугалмын мэдрэл байрладаг суваг руу шахагдаж бултайхыг жийргэвчийн ивэрхий гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тухайн хэсэгтээ мэдрэлийн ёзоорыг шахаж дарснаар хөл үрүү дамжсан байнгын өвдөлт болон бусад шинж тэмдгүүд илэрнэ. Өөрөөр хэлбэл ивэрхий бол цүлхийлтийн улам хүндэрсэн хэлбэр нь гэж ойлгож болно.
Нугалмын жийргэвчийн ивэрхий, цүлхэн, нугалмын гулсалт, остеохондроз өөрчлөлтүүдийн улмаас нугасны хөндий, нугалам хоорондын нүхнүүд нарийсаж өөрчлөгддөг тохиолдол бас элбэг. Үүнийг нугасны сувгийн нарийсал гэж ерөнхийд нь нэрлэдэг.
Нугалам хоорондын жийргэвчийн цүлхийлт болон ивэрхийн үед ихэвчлэн нурууны өвдөлт өгзөг, хөл үрүү дамжих, нуруу гэнэт мурийх татах шинж илэрдэг. Тэгэхээр нурууны өвдөлтөөс болж нуруу мурийсан уу, буруу суулт дадал хэвшлээс мурийсан уу, бүүр мурийлтаас болж өвдөлт үүсэж байна уу гэдгээ сайн ялгахын тулд мэргэжлийн эмчид хандах зайлшгүй хэрэгтэй юм.
Нугалам хоорондын жийргэвчийн гэмтлийн хэлбэрүүд
Нугалмуудын хооронд орших жийргэвчний бүрэн бүтэн байдал алдагддаг хэд хэдэн өөрчлөлт байдаг.
o Жийргэвч шохойжин бүтцийн /дегенератив/ өөрчлөлт бий болох
o Жийргэвчний өндөр намсах
o Жийргэвч шахагдан цүлхийлт үүссэнээс нурууны мэдрэл дарагдах, шахагдах
o Жийргэвчийн фиброзон цагариг урагдсанаас ивэрхий үүсэх
НУГАЛАМ ХООРОНДЫН ЖИЙРГЭВЧИЙН ЦҮЛХИЙЛТ
Нурууны диск нь гаднын хүчтэй доргилт, буруу суух, зогсох, хэт ачаалал өгөх зэргээс болж гэмтэл аван гадагшаа цүлхийн гарч нугасны хажууд буй мэдрэлийн сувгийг даран, бүсэлхий нурууны өвчинг үүсгэж, өгзөг, гуя, хөл дагаж өвдөх зэрэг мэдрэлийн эмгэгийг бий болгодог өвчнийг нугалам хоорондын жийргэвчийн цүлхийлт гэж нэрлэдэг. Нас ахих тусам нугалам хоорондын жийргэвчийн уян хатан чанар алдагддаг учир огцом ширүүн хөдөлгөөнт гэмтэх нь хялбар болдог.
Шалтгаан
1. Ажиллаж байхдаа эсвэл унтах үедээ нуруу эвгүй байрлалд удаан хугацаагаар байх нь нурууны нугалмууд болон нугалам хоорондын жийргэвчинд ачаалал үүсгэх
2. Биеийн хүчний хүнд ажил удаан хугацаагаар хийх, эсвэл гэнэтийн огцом ачаалал авах
3. Гадны цочмог нөлөө \ осол гэмтэл \
4. Жирэмсэн эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсний сүүлийн саруудад хэвлийн нийт жин мэдэгдэхүйц нэмэгдэж, нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчийн даралт ихэссэнтэй холбоотойгоор эрсдэлд орох
5. Биеийн хөгшрөлтийн үйл явц нь яс, мөгөөрс, холбогч эд, булчингийн эд эсийн бүтцэд сөргөөр нөлөөлөх
6. Удамшлын эмгэгүүд
7. Остехондроз, спондилолиз зэрэг нурууны ясыг эргэшгүй өөрчлөлтөд оруулдаг нурууны өвчнүүд.
Ямар хүмүүс илүү эрсдэлтэй вэ?
o 50- аас дээш насны хүмүүс нурууны жийргэвчийн ивэрхийгээр илүү өвчилдөг.
o Эрэгтэйчүүд нурууны жийргэвчийн ивэрхийтэй болох магадлал эмэгтэйчүүдээс хоёр дахин их байдаг.
o Биеийн хүчний хүнд ажил эрхэлдэг хүмүүс өвчлөх магадлал ихтэй.
o Илүүдэл жинтэй хүмүүс
o Завсарлагагүйгээр хэт удаан сууж ажилладаг хүмүүс
Яаж жийргэвчийн цүлхийлт үүсдэг вэ?
1. Нугалмын хоорондох жийргэвч ямар нэг шалтгаанаар байнга дарагдаж шахагдсанаас мөн гаднах фиброзон бүрхүүл нь нимгэрэх нь цүлхийлт үүсэх гол нөхцөл бүрдэнэ.
2. Суулт өгсөн бүрхүүл гэнэт хүчтэй шахагдсанаас дотоод даралт нь ихсэж, суналт өгснөөр бүрхүүл улам нимгэрнэ. Жийргэвч гадагш цүлхийж нугалмын ирмэгийг даван шилжсэнээр яваандаа мэдрэлийг дарж байнгын өвдөлт болон бусад шинж тэмдгүүд илрэх нөхцөл болно.
Шинж тэмдэг
Гэмтлийн талбайгаас хамаарч өвчний шинж тэмдгүүд нь өөрийн онцлог шинж чанартай байдаг.
Дараах шинж тэмдэг ажиглагдаад байвал цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Нурууны бүсэлхий ууцны хэсэгт нугалмууд шахагдан ойртож зөөлөн эдийн цүлхийлт үүссэн үед: ууц чилэх, хөших, нуруу гэнэт татах, түнхээр хатгаж өвдөх, өвдөлт доошлон гуяны ар урд тал, тахим, шилбэ, гуяны гадна хажуу, дотор хажуу дагуу, шилбэ, тавхай, өсгий, хөлийн өлмий, хөлийн хуруу руу дамжин өвдөх, өвдөлт нь явах, ханиалгах, найтаах, дүлэх үед нэмэгдэх, тавхай, хөлийн хурууны хүч суларч тавхайн гадна, мөн гуя, шилбэний гадна дотно талаар өнгөц мэдрэхүй алдагдах, бадайрах, булчин зангирах, шөрмөс татах, хөдөлгөөн хязгаарлагдах, огцом хөдөлгөөн болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх зэрэг шинж илэрнэ.
Харин ийм өвчнөөр өвдсөн хүмүүсийн хувьд өвчин эхэлж суулт, жийргэвчийн цүлхийлт үүсэж эхэлж байх үед илэрч байгаа нуруу чилэх, бөхийж тонгойход өвдөлт мэдэгдэх зэрэг эхний шинж тэмдгүүдийг анхаарахгүй, анхаарсан ч удахгүй гайгүй болчихдог гэж тоохгүй явсаар хүндрүүлээд бүүр үе хоорондын зөөлөн эдэд цүлхийлт эсвэл бүр ивэрхий болж хүндэрсэн үед нь эмнэлэгт хандах нь элбэг байна. Эхний үед өөрчлөлт багатай байвал уламжлалт болон эмийн эмчилгээнд амархан сайжрах боловч цүлхийлт ивэрхий үүсээд их удсан үед бариа заслын аргаар бус мэс заслын аргаар эмчлэгдэх хүртлээ хүндэрсэн байх нь элбэг.
НУГАЛАМ ХООРОНДЫН ЖИЙРГЭВЧИЙН ИВЭРХИЙ
Эмнэл зүйн практикт нугалмын жийргэвчийн доторх гель хэлбэрийн бүтэц фиброзон цагаригийн урагдсан хэсгээс цааш 5-6 мм-ээс дээш давж бүлтийхийг ихэвчлэн ивэрхий гэж нэрлэдэг.
Энэ асуултад хэд хэдэн тайлбар байдаг боловч өвдөлт нь 2 үндсэн шалтгаанаас хамааралтай байдаг.
1. Гадны цочролд үзүүлж байгаа организмын хариу урвалаас үүдсэн өвдөлт. Энэ нь дараах үе шатуудаас бүрддэг.
1.1. Даарах, урт хугацаанд эвгүй байрлалд байх, огцом хөдөлгөөн хийх зэргээс өвчний мэдрүүл буюу хүлээн авагч цочирсноор анхдагч өвдөлт үүсдэг.
1.2. Анхдагч өвдөлтөд хариу урвал үзүүлснээр нурууны тухайн хэсгийг барьж байдаг булчингийн агшилт үүсдэг.
1.3. Урт хугацааны булчингийн чангарал нь шинэ өвдөлтийг бий болгох ба нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний их биш хэмжээний ивэрхийн үед ч архаг өвдөлт үүсэх гол шалтгаан болдог.
2. Нугасны мэдрэлийн ёзооруудын дарагдлын дүнд үүсэх өвдөлт. Энэ тохиолдолд эмгэг процесс мөн 3 бүрэлдэхүүн хэсгээс тогтдог.
2.1. Ивэрхийн хэмжээ томорч сээр нурууны тухайн хэсгээс гарах мэдрэлийн ёзооруудыг дарах
2.2. Мэдрэлийн төгсгөлийг хүрээлж байгаа эд хавагнаснаар дарагдал улам ихсэх
2.3. Сээр нурууны тухайн хэсгийг хүрээлж байгаа булчингийн чангарлын улмаас нурууны хөдөлгөөний далайц буурч, мэдрэлийн ёзоорын дарагдал улам ихсэх ба цаашид мэдрэлийн ширхгүүд үхжихэд хүрдэг.
Нуруугаар өвдөлт мэдрэгдээд 3 хоног үргэлжилсэн тохиолдолд та зайлшгүй эмчид хандах нь зүйтэй. Орчин үеийн анагаах ухаанд нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний ивэрхийн үеийн өвдөлтийн шинж тэмдэгийн 90 хувийг мэсийн бус аргаар эмчилж байгаа ба 10 хувьд нь мэс ажилбар хийж байна. Гэхдээ энэ нь тухайн өвчний явц, өвчтөний онцлогоос хамаардаг.
Ангилал
Нугалам хоорондын жийргэвчийн ивэрхийг байрлал, хэмжээ, хэзээ үүссэн, аль нугалмын түвшинд үүссэн зэргээс хамааран хэд хэд ангилдаг.
Шморлын ивэрхий:
Дээд эсвэл доод талд байрлах нугалмын их бие рүү цүлхийж үүссэн жижиг цүлхэн. 20-р зууны эхэн үед Германы эмч анх тодорхойлсон тул түүний нэрээр нэрлэсэн. Жижгэвтэр хэмжээтэй ийм өөрчлөлт нь нурууны тулгуур, динамик үйл ажиллагаанд ноцтой аюул учруулдаггүй тул тусгай эмчилгээ шаарддаггүй.
Нугалам хоорондын жийргэвчийн ивэрхий:
Нугалам хоорондын жийргэвчийн фиброзон цагаригийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас жийргэвчийн цөм нь гадагш бултайж ивэрхий үүсэх хэлбэр. Энэ хэлбэрийн ивэрхийг байрлалаар нь хэд хэд ангилдаг.
Жийргэвчийн урд талд байрлах ивэрхий. Энэ нь мэдрэлийн ёзоороос хол учир илүү аюул багатай байрлал бөгөөд элбэг тохиолддог. Өвдөлт багатай байдаг болохоор санамсаргүй илрүүлэх нь бий. Мэдрэлийн ёзоорыг дарж өвдөлтийн шинж үүсгэдэггүй учир тусгайлан эмчилгээ шаардагддаггүй.
Жийргэвчийн ард талд байрлах ивэрхий. Нугасны суваг руу цүлхийж ивэрхийлдэг тул аюул ихтэй. Тиймээс ч олонх тохиолдолд мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай болдог олон тохиолдол энд багтана.
Төвийн байрлалтай ивэрхий:
L5-S1 нугалмын түвшинд их цөөн ч гэсэн тохиолддог тааралддаг хэлбэр. Том хэмжээтэй үед аарцгийн хөндийн эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд заавал мэс засал хийдэг.
Сувгийн ойролцоо байрлалтай ивэрхий. Хамгийн их тохиолддог, өвдөлттэй хэлбэр бөгөөд ивэрхийн цүлхийсэн хэсэг мэдрэлийн ёзоорын ойролцоо байрладаг тул мэдрэл дарагдлын шинж үүсгэдэг. Өвдөлт ихтэй байдаг учир олонх эмчлүүлэгчид мэс заслын эмчилгээ шаардагддаг.
Жийргэвчийн хажуугийн байрлалтай ивэрхий:
Энэ ивэрхий нь нугасны хөндийгөөс мэдрэлийн ёзоор салаалж гардаг хажуугийн нарийхан суваг руу цүлхийсэн байдаг тул өвдөлт ихтэй, элбэг тааралддаг, голдуу мэс заслын эмчилгээ шаардагддаг.
Шинж тэмдэг.
Жийргэвчийн ивэрхийн гол шинж тэмдэг нь ивэрхий байрлаж буй газарт хүчтэй өвдөлт мэдрэгдэх юм.
Хүзүүний нугалмуудын жийргэвчийн ивэрхий. Гол шинж тэмдэг нь хүзүүний өвдөлт. Хүзүүгээ хөдөлгөх, эргүүлэх, хазайлгах үед өвдөлт илүү мэдрэгддэг. Хүзүүгээрээ огцом хөдөлгөөн хийхэд өвдөлт хүчтэй мэдрэгддэг. Гараа өргөхөд хэцүү. Өвдөлт мөр дал, эгэм, тохой, гарын шуу эсвэл хуруунууд руу дамжина. Гарын хүч суларна. Гар дарж унтсан мэт бадайрна. Гарын алга хуруу ирвэгэнэж мэдрэгддэг.
Бүсэлхий нурууны жийргэвчийн ивэрхий. Хөлийн өвдөлт: Хөлийн өвдөлт нь ихэвчлэн нурууны өвдөлтөөс илүү тод, байнга янгинах маягаар мэдрэгддэг. Өвдөлт нь хөлийн ар талд суудлын мэдрэлийн дагуу мэдрэгдэх нь элбэг.
Нурууны өвдөлт. Энэ нь бүсэлхий, ууцны хэсэгт ихэвчлэн хөшиж, заримдаа хатгаж мэдрэгддэг. Жийргэвчийн ивэрхий нь заримдаа нурууны арын хэсгийн булчингуудыг татахад хүргэдэг. Өвдөлтийн дамжих байршил харилцан адилгүй. Ивэрхийн байршлаас хамааран нурууны доод хэсэг, цавь, гуяны ар тал, урд эсвэл ар тал, тахим, хөлийн эрээн булчин эсвэл хөлийн хуруунууд гэх мэт.
Мэдрэл дарагдлын шинж тэмдгүүд илэрнэ. Арьсны хүрэлцэх мэдрэмж муудах, хөл бадайрах, хүнд оргих, хөлийн хүч сулрах, хөл, хуруунд хорсож, чангарч татагдаж мэдрэгддэг.
Хөл сулрах. Ивэрхийн улмаас заримдаа үүсдэг мэдрэлийн шинж тэмдэг нь алхаж байхдаа өвдөг нугарч, шургаж унах, тавхайгаараа бүдрэх эсвэл өсгий дээрээ зогсоход, хөлөө өргөхөд хүндрэлтэй байдаг.
Огцом хөдлөхөд өвдөлт ихсэх. Өвдөлт удаан зогссон, суусан, эсвэл алхсаны дараа ихэснэ. Инээх, найтаах, гэнэтийн огцом хөдөлгөөн хийх нь өвдөлтийг нэмэгдүүлдэг.
Бөхийхөд өвдөлт нэмэгдэх. Урагшаа бөхийх, арагшаа гэдийхэд нуруу эсвэл хөлний өвдөлт улам нэмэгдэнэ.
Өвдөлт огцом гэнэт эхлэх. Ивэрхийн үеийн өвдөлт голдуу гэнэт эхэлж мэдрэгддэг.
Суудлын мэдрэлийн өвдөлт. Нуруунаас хөл хүртэл явдаг суудлын мэдрэлийн дагуу халуун оргиж өвдөх мэдрэмж олон хүнд илэрдэг.
Хөдөлгөөн хийхэд даамжирдаг бөгөөд ханиалгах, инээх зэрэг огцом хөдөлгөөнөөс гадна биеэ хөдөлгөх, байрлалаа өөрчлөхөд өвдөлт ихсэх нь мэдрэгддэг.
Оношилгоо:
1. Нурууны рентген зураг авхуулах нь хамгийн хялбар шинжилгээ бөгөөд сээр нурууны ясны бүтэц, эмгэг болон нас ахихтай холбоотой гарах өөрчлөлт зэргийг харж болдог шинжилгээний арга боловч жийргэвчийн цүлхийлт болон ивэрхийг оношлоход төдийлөн тохиромжгүй.
2. МRI бол жийргэвчийн цүлхийлт, урагдал байгааг тодорхойлж, нугасны мэдрэлийн суваг өөрчлөлттэй байна уу үгүй юу гэдгийг үздэг гол шинжилгээний арга.
Эмчилгээ
Ийм үед эмчилгээний гол үүрэг бол өвдөлт намдаах, нурууны жийргэвч нь цүлхийсэн хэсгийн хэвийн байдлыг сэргээх явдал юм.
А. Эмийн эмчилгээ
Энэ аргын гол эмчилгээ нь өвдөлт намдааж, булчингийн цочролыг арилгадаг үрэвслийн эсрэг эмчилгээ юм. Эдгээрийг гаднаас нь тосон хэлбэрээр түрхэх, амаар шахмал хэлбэрээр уулгах эсвэл булчинд тарих хэлбэрээр хэрэглэдэг.
Холбогч эдийг сайжруулахын тулд бие махбодын нөхөн төлжилтийг сайжруулах зорилгоор олон төрлийн амин дэмийг хэрэглэж болно.
Эмчилгээний энэ арга нь өвчний эхний үе шатанд сайн үр дүн өгдөг боловч нугалам хоорондын завсрын жийргэвчийн цүлхийлтийн хэмжээ томорсон болон бусад эмгэг, бүтцийн өөрчлөлтийг арилгахгүй.
Б. Эмийн бус эмчилгээ
В. Дасгал хөдөлгөөн эмчилгээ нь булчингийн тогтолцоонд үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Үе мөчний хөдөлгөөн сайжирч, булчин сунаж, хүч чадал, уян хатан чанар нэмэгдэж, булчингийн хамгаалалт бэхэжнэ. Энэ нь нурууны дэмжих үйлийг сэргээхэд тусалдаг бөгөөд өвчний эрсдэлийг бууруулдаг. Нуруу нугалмын асуудалтай хүмүүсийн хувьд булчингийн хүч, хүчдэл, нурууны уян хатан байдлыг хадгалахын тулд өдөр бүр дасгал хийх шаардлагатай байдаг. Дасгал хийж эхлэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
Г. Мэс заслын эмчилгээ
Дээр дурдсан эмчилгээний аргууд хангалттай үр дүн өгөхгүй, нугасны болон бусад эрхтнүүдийн саажилт үүсэх, үйл ажиллагаа алдагдах аюул заналхийлж байвал мэс заслын эмчилгээ хийнэ.
Манай Алтанмед эмнэлэг жийргэвчийн эмгэгийн үед 6-7 төрлийн хавсарсан уламжлалт эмчилгээг ивээс болон нугалмын хөдөлгөөнт засал эмчилгээтэй хавсруулан эмчилж үйлчилдэг тул хэрэв хүсвэл манай салбар эмнэлгүүдэд хандан эмчлүүлж болно.
НЭГДСЭН УТАС: 7707-1652