Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

Нуруу нугасны тухай сонирхолтой 10 баримт

Мэдээлэл бэлтгэсэн Алтанмед эмнэлгийн Зайсан салбарын нуруу засалч эмч Б.Гэрэл


1. Мэдрэлийн системийн HQ

HQ буюу Headquarter гэх үгийг англи хэлнээс орчуулбал төв удирдлага, удирдах газар гэж ойлгож болно. Боддоо, таны  нугас бол биеийн тань мэдрэлийн HQ юм. Энэхүү системийн ачаар нугас тархи болон биеийн хэсгүүдийг  холбож мэдрэлжүүлдэг.  Бүрэн чадлаараа ажиллах HQ-д бат бөх цайз хэрэгтэй. Энэ цайз бол багана нуруу юм. Ийм учраас л хүн бүхэн нурууны эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.


2. Хөдөлгөөний хянагч

Энгийнээр тайлбарлая. Дунд сургуулийн биологийн хичээлийн хөтөлбөрт багтдаг гөлгөр судалт булчин, хөндлөн судалт булчин, зүрхний булчин гэх үгсийг сонсоогүй хүмүүс цөөн. Эдгээр булчингуудын агшилтыг хөдөлгөөн гэж нэрлэдэг. Тэгвэл хөдөлгөөнийг биеийн аль хэсэг хянах вэ? Тархи уу эсвэл нугас уу? Зарим хүмүүс тархи гэж хариулж магадгүй юм. Гэхдээ тархи болоод нугасны аль аль нь хөдөлгөөний зохицуулгад оролцдог. Нуруу-нугасны тусламжтай энгийн рефлексүүд үүсэх, эсвэл илүү комплекс маягийн алхах гэх мэт давтагдах хөдөлгөөнүүдийг хийх, амьсгалах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, зүрхний цохилт зэрэг хөдөлгөөнүүд зохицуулагддаг.



3. Биеийн удирдаач

Таны өглөө сэрээд орноосоо босох, зогсох, алхах бүр хөлөө нугалах, тэнийлгэх дохиог нугас дамжуулдаг. Нугас нь тархинаас ирэх импульсийг дамжуулж, биед рефлекс үүсгэж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг зохицуулдаг.  Хөгжмийн зохиол нь тархи бол удирдаач нь нуруу-нугас юм.


4. Яагаад нуруу засалч эмч гэж?

Нуруу бол биеийн мэдрэлийн системийн хамгийн чухал эрхтэн юм. Нуруу нь тархи-нугас болон биеийн бусад хэсгүүдийн хооронд дохио дамжуулахад гадны нөлөө, гэмтлээс хамгаалдаг. Нуруу нугасны гэмтэл үүсэх үед мэдрэлжүүлэлт тасалддаг.  Нурууны байршлын эмгэг, эмгэг өөрчлөлтийн зэргээс хамаарч өвчин бүр харилцан адилгүй байж болох ч нуруу засалч эмчид яаралтай хандан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нь чухал юм.


5. Нөхөн төлждөггүй

Биеийн зарим эд эрхтэн нөхөн сэргэдэг. Биеийн бусад хэсгүүдээс ялгаатай нь нугас нь гэмтсэний дараа өөрийгөө нөхөн сэргээх чадваргүй байдаг, эсийн түвшиндээ. Мэдрэлийн эсүүд нөхөн төлжиж чаддаггүй нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Эрдэмтэд мэдрэлийн нөхөн төлжилтийг идэвхжүүлэх, гэмтлийн дараах үйл ажиллагааг сэргээх арга замыг идэвхтэй судалсаар байна. Ийм учраас нуруу-нугасны гэмтлийн дараагаар саажилт зэрэг насан туршийн өвчин үлддэг.



6. Адуун сүүл дээр төгсдөг

Нугасны төгсгөл нурууны аль хэсэг хүртэл үргэлжилдэг вэ? Тэгвэл нугас бүсэлхийн 1-р нугалмын түвшинд төгсөж нугасны төгсгөлд адууны сүүлтэй төстэй тул "cauda equina" гэж нэрлэдэг багц том судсууд үргэлжлэн байрладаг байна. Энэ нь цаашаа суудлын болон гуяны мэдрэл болдог.



7. Маш сайн хамгаалагдсан, гэхдээ эмзэг

Таны нугас маш сайн хамгаалагдсан. Эволюцийн гайхамшиг болох сээр нуруутны нэг онцлог нь багана нуруун дотор нугас байрлаж хамгаалагдах шийдэл юм. Гэхдээ төгс зүйл гэж үгүй. Ялангуяа амьдралын буруу дадал хэвшил, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалт нуруунд байршлын эмгэг үүсэх, үүнээсээ улбаатай нуруу нугасны өвчнүүд үүсэх эрсдэлтэй. Ялангуяа орчин цагийн амьдралын хэвшил, шаардлагаас хамаарч нуруу-нугасны өвчлөл нийгэмд түгээмэл тохиолдож байна.


8. Гучин нэгэн сегмент

Нугасны мэдрэл нийт 31 мэдрэлийн хос судлаас бүрддэг. Бүр хялбарчилбал: 
Хүзүүний- 8
Цээжний- 12
Бүсэлхийн- 5
Ууцны-5
Ахар сүүлний-1


9. 5 нас хүртэл 

Нугас 5 нас хүртэл хөгждөг. Үнэндээ хүний нугасны хөгжил үр хөврөлийн эхэн үеэс эхэлж хөгждөг комплекс процесс юм. Төв мэдрэлийн тогтолцооны нэг хэсэг болох нугас нь үр хөврөлийн хөгжлийн 3 дахь долоо хоногт үүсэж эхэлдэг. Төрсний дараа нугас хүүхдийн 5 нас хүртэл хөгжөөд зогсдог гэж хэлэхэд буруудахгүй.


10. Тархинаас тусдаа ажиллах чадвартай

Нугас нь тархинаас бүх дохиогоо авдаггүй. Зарим тохиолдолд нугас булчинд өөрөө дохио илгээдэг. Нугас нь өөрийн гэсэн рефлексийн хяналтын системтэй байдаг. Ийм учраас халуун зуухнаас гараа татах гэх мэт рефлексийн үйлдэл маш хурдан болдог. Дохио нь тархи руу чиглэн, буцаж ирэх шаардлагагүй. Үүний оронд нь нугасны дотор боловсруулагдаж, илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог.