Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

ТҮНХНИЙ ТӨРӨЛХИЙН ДУТУУ ХӨГЖИЛ


Багана нурууг мурийхад хүргэдэг олон шалтгааны нэг нь бага насанд нь бүрэн эмчлээгүй түнхний төрөлхийн мултрал болон түнхний үений дутуу хөгжил юм.

Түнхний үе нь сүүжний тогоо ба  дунд чөмгөний жинс толгойноос бүрдэх ба дунд чөмгийг аарцагтай холбодог.  Ураг эхийн хэвлийд байхад түнхний үе мөгөөрсөн бүтэцтэй байгаад яваандаа ясаждаг. Түнхний үений уут нь үений тогтвортой байдлыг хангаж, босоо алхах боломж олгодог энэ үений бүрхүүлийн үүргийг гүйцэтгэдэг. Мөн дунд чөмгөний жинс толгойн гадаргуугийн 50 орчим хувийг сүүжний тогоо бүрхэх тул түнхний үе уян хөдөлгөөн хийх боломжтой байдаг.

Түнхний үений мултрал гэдэг нь дунд чөмгөний толгой сүүжний тогооноос гарах эмгэг юм. Энэ нь төрөлхийн буюу гэмтлийн шалтгаантай хожуу үүссэн байж болно.

Хүүхэд эхээс төрөхдөө л чөмгөний жинс толгой үений тогооноос мултарсан байхыг түнхний төрөлхийн мултрал гэдэг. Монгол улсад тулгуур хөдөлгөөн эрхтний согогуудаас хүүхдийн түнхний мултрал, дутмаг хөгжил нь хамгийн их тохиолдож байгаа эмгэг бөгөөд  5000 хүүхдийн 1 нь төрөлхийн түнхний  мултралтай төрж байна. Түнхний үений мултрал нь нярай хүүхдийн сүүжний ясны үений тогоо хөгжөөгүйгээс налуу байрлалтай байх, дунд чөмгөний толгой бүрэн хөгжөөгүй байх, чөмгөний толгой тогоонд бүрэн суугаагүй тогооноос гадагш дээш байрлалтай болсон байх зэрэг хэд хэдэн хэлбэрээр тохиолддог.

Харин түнхний үений хөгжлийн динамик процессын алдагдлаас шалтгаалан түнхний  үе орчмын зөөлөн эдүүд болон түнхний үеийг үүсгэж байгаа яснуудын хөгжил дутуу байхыг  түнхний үений дутуу хөгжил буюу дисплази гэнэ. Түнхний үений дутуу хөгжил гэдэг ойлголтод  шинж тэмдэггүй, бага зэргийн дутуугаас эхлээд түнхний мултрал хүртэлх хүүхдийн  бүхий л хэлбэрийн түнхний эмгэгийг багтааж ойлгож болно. Төрөлхийн түнхний дутуу хөгжил нь 1000 амьд төрөлтөнд нэг тохиолддогоос гадна эмэгтэй хүүхдэд эрэгтэй хүүхдэд тохиолддогоос 5 дахин их тохиолддог юм байна. 

Дутуу хөгжил нь нярай хүүхдийн түнхний үеийг бүрдүүлэгч бүх элемент нь дутуу хөгжсөн байх, сүүжний тогооны дээд ирмэг хөмөг нь налуу байх зэрэг хэд хэдэн хэлбэрээр тохиолдож болно. Хүнд хэлбэрийн дутуу хөгжил нь бага насанд түнхний мултралаар хүндэрдэг бол хөнгөн хэлбэрийн үед нас бие гүйцсэн хойно түнхний үеэр өвдөж, остеоартритийн шинжээр илэрдэг.

 Насанд хүрэгсдийн дундах түнхний үе солих мэс засал эмчилгээний 9% нь түнхний дутуу хөгжлийг засах зорилгоор  хийгдэж байгаа гэсэн судлаачдын дүгнэлт байна.

Мөн түнхний  үенд учирч буй механик даралтаас хамаарч бүрэн гүйцэд хөгжсөн, эрүүл түнхний үе ч цаг хугацааны аясаар элэгддэг. 

Шалтгаан:

1. Гэмтлийн: Жирэмсэн эхчүүд биеийн хүчний хүнд ачаалал авах, осол гэмтэлд өртөх, сэтгэл санааны дарамт, төрөх замын гэмтэл зэргээс.

2. Механик: Умайн хавдар, ихсийн ус бага байх, уйтан аарцаг, ихэр урагтай байх. 

3. Удамшлын: Үр хөврөлийн шатанд үений уут холбоос, булчингийн гаж буруу хөгжил үүсэх.

4. Хордлогын. Жирэмсний эрт хожуу үеийн хордлого, халдварт өвчинд өртөх, урагт хортой эмийн бодис хэрэглэх.

Нөлөөлөх хүчин зүйлс: Агаар болон орчны бохирдол, хоол хүнсний аюулгүй байдал, эмийн зохисгүй хэрэглээ, халдвар, хордлого, витамин болон амин чухал эрдэс бодисын дутагдал,  цацраг  идэвхт бодисын нөлөө, стресс.


Үнэлгээ

Шинж тэмдэг

Нярай үед: Түнхний дутмаг хөгжилтэй талын хөл богиносох, тавхай нь гадагш эргэж байрлах, мултралтай талын хөлийн тавхай гадагш эргэсэн байрлалд байрлах, 2 талын хөлийн нугалаасны тоо ижил биш болох, мултралтай талын хөлийн нугалаас гүн, олон байх, мултархай талын хөлийн эргэлт хэвийн хэмжээнээс их байх, чөмгөний толгой сүүжний орчим буюу харьцангуй дээр байрлалд тэмтрэгдэх,  мултралтай талын хөлийг өвдөг түнхний үеэр нугалаад нөгөө талын жийлттэй хөлийн гуяны дээр тавихад өвдөг нь гуянаас давж байх зэрэг шинж ажиглагдана.

Түүнээс гадна  нярай үед хүүхдийн түнхний үеэр гадагш алцайлтын өнцөг 90° байгаад яваандаа багассаар 10 сартайд 70° болдог бол түнхний үений дутмаг хөгжилтэй үед нярай үед 50-60°, түнхний үений төрөлхийн мултралтай үед  40-50° болж хөдөлгөөн нь хязгаарлагдсан байдаг .

Хожуу үед: Хүүхэд хөлд орохдоо хазганаж явах, нас нь нэмэгдэх тусам дал мөрөө 2 тийш савчиж галуу шиг явах,             мултралтай талын хөл дээр зогсоод нөгөө хөлөө өвдөгний үеэр нугалж өргөхөд эрүүл талын өгзөгний нугалаас доош буух, жийлгэж байгаад хөлийн өсгийнөөс гараар тулахад ташаан толгой овойж хөл богиносох зэрэг шинж илэрнэ.


АЛТАНМЕД ЭМНЭЛЭГ 7707-1652