НУРУУНЫ МУРИЙЛТ БА ГЭНЭТИЙН ҮХЭЛ

ӨВЧИН НАМДААХ ТОС, НААЛТ, ТҮРХЛЭГ

 


Нуруу нь өвддөг хүмүүсийн ихэнх нь  олон янзын өвдөлт намдаана, нурууны өвчинд хэрэглэнэ гэсэн сурталчилгаатай тос, түрхлэгүүдийг эхлээд хэрэглэж үзсэн байдаг. Зарим өвдөлт намдаах эмүүдийн найрлага дахь бодис ууж хэрэглэх үед ходоод гэдэсний хананд тааламжгүй байдлаар нөлөөлж,  өвдөлт үүсгэх талтай болохоор тиймэрхүү эмийн бодисыг тос  хэлбэрээр түрхэж  хэрэглэх нь аюул багатай байдаг.

Тэгэхээр энэ тос түрхлэгүүд үнэхээр нурууны өвдөлтийг намдаах үйлчилгээтэй юм уу гэдгийг мэдэхийн тулд та дараах зүйлийг ойлгох шаардлагатай.

Бүх төрлийн өвчин намдаах үйлчилгээтэй гэгддэг тос, түрхлэгүүдийг доторх найрлага болон биед үйлчлэх нөлөөллөөр нь дараах хэдэн бүлэгт хувааж үздэг. Үүнд:

1.Стероид бус үрэвслийн эсрэг тос - хамгийн түгээмэл хэрэглэгддэг төрөл бөгөөд найрлага нь эд эсийн үрэвслийг бууруулснаар  хүчтэй өвдөлтийг арилгах боломжтой. Тухайн тосны найрлагад агуулагдах зарим бодис, бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын урвал өгдөг, гуурсан хоолойн багтраа өвчний шинж тэмдэг илэрдэг бол болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

2. Дулааны нөлөөлөл үзүүлдэг тос  нь судсыг тэлэх, өвчинд  өртсөн эрхтний цусны урсгалыг нэмэгдүүлэх замаар  үрэвслийг багасгаж, өвдөлтийг намдаан, хаван арилгахад зориулагдсан байдаг.  Ийм  ижил төстэй үйлчилгээтэй тоснууд нь халууны нөлөө үүсгэх  нөлөөтэй  могойн хор, зөгийн  хор, чинжүү, эмийн ургамал зэргийг найрлагадаа агуулсан байдаг байна. Мөн сүүлийн үед халууны үйлчилгээ үзүүлдэг синтетик элементүүд агуулсан тоснууд ч худалдаанд гарах болсон байна.

3. Хөргөх нөлөө үзүүлдэг тоснууд нь ихэвчлэн ил биш  хаалттай гэмтэл, няцрал авсны  дараа шууд хэрэглэх зориулалттай байдаг.  Ийм тосны үйлчилгээ нь  хөргөх нөлөөгөөрөө  халуун оргиж лугшсан таагүй мэдрэмжийг арилгах зориулалттай. Өвчний  эхний шатанд үрэвсэл, хавантай тэмцэхэд сайнаар нөлөөлөх нь бий. Эдгээр нь ихэвчлэн ментол, эфирийн тос зэрэг анестетик бодис агуулдаг.

4. Шөрмөсний суналтыг арилгах зориулалттай болон спортоор хичээллэсний дараа урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тоснууд нь тамирчдын дунд өргөн хэрэглэгддэг. Тамирчдын мэдэрдэг, спортын идэвхтэй бэлтгэл хийсний дараах булчингийн өвдөлтийг хэвийн урвал гэж үздэг боловч тийм өвдөлтийг багасгах, хэрэв өвдөлт мэдрэгдээгүй  байсан ч эрчимтэй бэлтгэлийн дараа урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай тос, гель хэрэглэхийг зөвлөдөг. Ихэвчлэн бугалга, эрээн булчин, гуяны  булчингийн өвдөлт, хүзүү, мөрний эвгүй мэдрэмжийг арилгахад ашигладаг.

5. Гэмтсэн эдийг нөхөн сэргээх зориулалт буюу  хондропротектор үйлчилгээтэй тоснууд нь  гэмтэл үүсгэгч  нөлөөлөлд өртсөн мөгөөрсний бүтцийг сэргээж, үе мөчний хөдөлгөөнийг сэргээх зориулалттай.  Энэ бүлгийн тоснуудыг  өвчний бүх илрэл (өвдөлт, хөл хавагнах, хөших) намжсаны дараа удаан хугацаагаар үендээ  түрхэж хэрэглэнэ.

6. Гомеопатик буюу  байгалийн гаралтай бодис, ургамлын хандыг агуулсан гомеопатик тос нь улс үндэстэн бүрд  өөр өөр байх ба  хөлийн үе ба булчингийн өвдөлтийг намдаадаг янз бүрийн элементүүдийн микро тунг агуулдаг нэг төрлийн ардын эмчилгээний бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тосонд тусгайлан  бэлдсэн амьтан, ургамал, эрдэс бодисын бүрэлдэхүүн хэсгүүдийг нэмж хийдэг.

Анхаарах зүйл

Таны нурууны өвчинд тос түрхэж хэрэглэвэл ер нь үр дүнтэй эсэх, ямар тос түрхвэл өвчин багасгаж, эдгээж нөлөөлөх талаар эхлээд эмчээсээ зөвлөгөө аваарай. Зарим өвчинд тос гаднаас нь түрхэж хэрэглэхэд сайнаар нөлөөлдөг бол  нурууны булчингийн гүнд нугалмуудын жийргэвч цүлхийж мэдрэл дарагдсан зэрэг хүнд өөрчлөлтийн үед тос огт нэмэр болохгүй байх нь бий.

Тосыг хэр удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатайг зөвлөгөө авах үедээ  эмчээсээ заавал асуугаарай.

Эмчийн зөвлөсөн тосыг эмийн сангаас анх худалдаж авахдаа л тосны найрлага, үйлчлэх механизм, хэрэглэх зааврыг уншиж танилцах шаардлагатай. Хэрвээ  танд ойлгомжгүй буюу өөр мэдэхгүй хэл дээр бол эмчийн санчаас хэрхэн хэрэглэх талаар  зөвлөгөө аваарай.

Тосыг хэрэглэхийг хориглосон, танд хамааралтай ямар нэг эсрэг  заалт байгаа эсэхийг заавраас нь  уншиж шалгаарай.

Хэрэв ямар нэг орц найрлага нь урьд нь  танд харшил үүсгэж байсан бол худалдаж авахаасаа өмнө харшлын эмчээс зөвлөгөө аваарай.

Олон төрлийн тосыг нэг дор бүү хэрэглээрэй.

Мэргэжлийн эмч л биш бол  бусдад ямар нэг тос түрхлэг хэрэглэхийг бүү зөвлөөрэй.

Мэргэжлийн эмч тосыг эмчилгээний бусад  аргуудтай  нэгэн зэрэг ашиглах зөвлөгөө  өгсөн бол тэдгээрийн хэрэглээг өөр өөр хугацаанд хийх ёстой.

Тосыг зааварт бичсэн чанар үйлчилгээг нь сулруулахгүй байхаар зориулалтын нөхцөлд  хадгалахад анхаарах хэрэгтэй.

Улайх, загатнах, тууралт гарах зэрэг харшлын ямар нэг шинж тэмдэг илэрвэл тосоо түрхэхээ даруй зогсооно.

Хэрэв шалбарах, зулгарах мэтээр арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан бол арьсаа эдгэсний дараа хэрэглээрэй.

Нүд, хамарт түрхэх зориулалттайгаас бусад бүх тосны гаднах савлагаа дээр нүд, хамар, амны салст бүрхэвчид хүргэхээс болгоомжил гэсэн бичиг байдаг.

Голдуу хэрэглэдэг өвчин:

  • o   Миозит (биеийн  булчингийн үрэвсэл);
  • o   Артрит (үе мөчний үрэвсэл);
  • o   Артроз (үе мөчний мөгөөрсөн эдийн үрэвсэл );
  • o   Синовит (үений хүүдийн үрэвсэл);
  • o   Мэдрэл дагасан өвдөлт
  • o   Гэмтлийн дараа булчин, үе мөч өвдөлт
  • o   Спортоор хичээллэх, бэлтгэл хийсний дараах булчингийн өвдөлт

 

Хэдийгээр нуруу өвдсөн үед булчингийн өвдөлтийг багасгах, цусан хангамжийг сайжруулах зэргээр үндсэн эмчилгээний  үр дүнг дэмжих, зовуурь мэдрэгдэх хугацааг богиносгох зэрэг  сайн талын үйлчилгээ үзүүлдэг боловч  тос түрхэх бол нурууны өвчнийг үүсгэж байгаа шалтгааны эсрэг чиглэгдсэн  үндсэн эмчилгээ биш гэдгийг сайн ойлгоорой.


АЛТАНМЕД ЭМНЭЛЭГ 7707-1652