Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

Остеоартроз буюу өвдөгний үенд яс ургах

 

Остеоартроз буюу манай хүмүүсийн хэлж заншсанаар өвдөгний үенд яс ургах  нь яс ургах эмгэгийн  элбэг тохиолддог нэг хэлбэр  юм.

Энэ нь магни, кальци, фосфорын дутагдал зэргээс шалтгаалан бодисын солилцоо өөрчлөгдсөнөөс голлон үүсдэг.  Өвдөгний  үений мөгөөрсний эрүүл бүтэц алдагдаж, яс үений гадаргуу эвдэрч, гадна хэсгээрээ илүүдэл давсны  хуримтлал  үүсэж, өвдөгний үе хэлбэрээ алдан, өвдөгний үеийг үүсгэдэг яснуудын хоорондох зай багасан, үений нь хүүдий үрэвсдэг архаг өвчин юм. Мөн хүндэрсэн үед  үений холбооснууд сунан, үе мурийж хэлбэр нь өөрчлөгдөн, яс, үенд эргэшгүй өөрчлөлт гарч хөдөлмөрийн чадвараа алдахад хүрдэг. 


Үүнээс гадна  амьдралын буруу дадал хэвшил, ажлын онцлогоос шалтгаалан нурууны хэвийн хэлбэр өөрчлөгдсөнөөс багана нурууны тэгш хэм, тэнцвэртэй байдал  алдагдаж, аль нэг хөлийн өвдөгний үенд байнга хэт ачаалал ирснээс өвдөг өвдөх нь их тохиолддог.

 Энэ өвчин нь 60-аас дээш насныханд, жин ихтэй хүмүүст  элбэг тохиолддог, дэлхийн хүн амын 10-15 хувь өвчилдөг  өргөн тархалттай өвчин юм.

Өвчний эхэн үед өвдөгний  үеэр хөшиж  удаан зогсох, удаан явган явсны дараа  өвдөнө. Өвдөгний  үеэр заримдаа нужигнаж  дуугарна. Яваандаа өвчин даамжрахын хэрээр өвдөгний үеэр байнга өвдөж, өвдөлт нь явах, хүнд юм өргөх  зэргээр ачаалал авахад ихсэж, суух үед арай багасна. Өвдөгний үений хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдаж эхлэхээс гадна  хөдөлгөөн хийхэд үеэр нужигнаж дуугарна.

Өвчин хүндэрсэн үед байнга өвдөж, өвдөгний үе хавдан, хэвийн хэлбэрээ алддаг.

Оношилгоо

Эмч үзлэг хийхээс гадна рентген зураг авч хаа  нэгтээ  яс ургалт байгаа эсэх, хэр зэрэг даамжирсныг тодорхойлдог.

Нуруунд яс ургалт байгаа бол нугалмуудын ирмэгт хурц шовгор бүтцүүд бий болсон нь  ажиглагддаг.

Хэрэв өвдөгний үенд яс ургаж эхэлж байгаа бол өвдөгний үений  рентген зурагт үений зай үл ялиг нарийсаж, үений гадаргуу барзайж  эхэлсэн байдаг. Харин өвчин хүндэрсэн үед өвдөгний үений   мөгөөрс бүтэн эвдэрч өвдөгний  үений зай бараг нийлсэн байхаас гадна зах ирмэгээр нь шовгор ясан ургацгууд ургаж, ясны хөндий сийрэгжин бүтэц нь өөрчлөгдсөн байдаг.

Багана нурууны хэвийн хэлбэр алдагдсанаас өвдөгний үенд яс ургалт үүссэн байж болох тул өвчнийхөө эдгэрэлтийг хурдасгах, хүндрэхээс сэргийлэхийн тулд мэргэжлийн нурууны эмчид хандаж нурууны өвчнөө оношлуулах шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх

Хэвийн жингээ барихад анхаарах, жил бүр эрдсийн шинжилгээ өгч хэвших, амны хөндийн эрүүл мэндэд хүүхэд наснаас анхаарах, бэртэл гэмтэлд өртөхгүй байх, зовуурь байвал  өвчин намдаах эмээр намжааж удаан хугацаанд явахгүй байх, иог зэрэг хүчний бус спортоор өөрийн бие махбодын онцлогт тохируулан хичээллэх, зөв суух, зөв байрлалд унтах зэрэг амьдралын зөв дадал хэвшилтэй байх, хэт ачааллаас татгалзах, хэт удаан  сууж ажиллахгүй байх, хүнд зүйлийг өргөх шаардлага гарвал зөв байрлалд өргөх зэрэг бүх л нурууны өвчнөөс сэргийлэх урьдчилан сэргийлдэг  эрүүл амьдралын ердийн хэм хэмээг дагаж мөрдөх хэрэгтэй. Нурууны өвчнөө эрт оношлуулж, цаг алдалгүй эмчлүүлэх нь яс ургах өвчнөөс сэргийлэх нэг арга юм.

Эмчилгээ

Ургасан яс нь олон жилийн турш өвдөлт өгөхгүй, биед сөрөг нөлөө үзүүлэхгүй байж болох бөгөөд эмчилгээ хийх шаардлагагүй тохиолдлууд олон. Өдөр тутмын амьдралд ямар сөрөг нөлөө  үзүүлж байгаагаас шалтгаалан өөр, өөр  эмчилгээг сонгон хийх шаардлагатай болдог. Яг ямар өөрчлөлтийн үед ямар эмчилгээ хийхийг эмчийн зөвлөгөөг үндэслэн мэргэжлийн байгууллагаар хийлгэх шаардлагатай. Дур мэдэн кальци зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн уух нь заримдаа өвчнөө улам хүндрүүлэх шалтгаан болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хэрэв  яс ургалт нь хүндрээгүй бол мэргэжлийн эмчид хандан уламжлалт бариа, зүү эмчилгээ  болон сэргээн засах эмчилгээний аргаар эмчлүүлэх нь сайн нөлөөтэй. Мөн дулааны үйлчлэлээр нөлөөлдөг  халуун рашаанд орох, халуун шавар  эмчилгээ үр дүнтэй байдаг. Хэрэв таны нуруу өвддөг бол зөвхөн нурууны үений болон өвдөгний яс ургалтыг төдийгүй нурууны үндсэн өвчнөө  голлож эмчлүүлэх шаардлагатай.

Мөн эмчийн заавраар  үрэвслийг дарах, өвдөлт намжаах, үений бүтцийг  нөхөн сэргээх зорилгоор  эмийн эмчилгээ, өвчин хүндэрсэн үед өвдөгний үе солих мэс заслын эмчилгээ хийдэг. Өвдөгний үений хэвийн бүтэц бүрэн алдагдсан үед өвдөгний үеийг хиймэл үеэр солих хагалгааг хийдэг.