Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

УСАН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ НЬ НУРУУНД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?


Усанд сэлэх үед булчингууд идэвхтэй ажиллаж,  дотоод эрхтнүүдэд хүчилтөрөгчийг идэвхтэй  дамжуулдаг учир  хүнийг тайвшруулдаг нөлөөтэй байдаг. Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа идэвхжин, сэтгэл санааг дэмжин, нойронд сайн болгож, өөртөө итгэх итгэлийг бий болгодог.

 Зүрх судасны тогтолцоо, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй төдийгүй ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.

Зөв амьсгалж сурснаар амьсгалын багтаамж сайжран, уушги  цэвэршдэг тул артерийн даралт хэвийн болж, зүрх судасны болон тархи, булчингийн цусан хангамж, тэжээл  сайжрахад нөлөөлнө.

Биеийн дулаан ба усны температур хоорондын ялгаа нь бодисын солилцоог 50-75 хувиар өсгөдөг тул хоолны дуршил сайжран, биеийн эсэргүүцэл нэмэгдэж, дархлааны тогтолцоо идэвхэжнэ.

Усанд сэлэхэд хураагуур буюу венийн судас сулардаг учир   хөлийн цусны эргэлт сайжран, зогсонгишил багасдаг зэрэг маш олон чухал нөлөөг бие махбодид үзүүлдэг байна. Усанд сэлэлт нь нурууны үе булчингийн тогтолцоонд яаж нөлөөлдөг юм бэ?

Усан дотор агаараас гурав дахин илүү нягттай  байдаг тул  ийм орчинд орсон хүн биеийн жингээ агаарт байгаа үеийнхээс өөрөөр, илүү хөнгөнөөр мэдэрдэг байна.  Хэрэв зогсоо, суугаа байрлалд дасгал хийхэд нурууны үенд их ачаалал ирдэг бол усанд сэлэх үед хэвтээ байрлалд нурууны үенүүдэд ирэх ачаалал эрс багасаж, бүх булчин  чөлөөтэй, дээд зэргийн далайцаар  хөдлөх боломжтой болдог байна. Тиймээс  нурууны үе ба зөөлөн эдийн гэмтлийн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэж болдог спортын цор ганц төрөл гэж тооцогдон эмч нар нурууны өвчтэй хүмүүсийг усанд сэлэхийг зөвлөдөг байх нь.

Усанд сэлэх үед хүний биеийн бараг бүх булчин идэвхтэй хөдөлдөг учир цусны эргэлт эрс сайжирч, ихэнх булчингууд  ялангуяа   нуруу ба цээж, хэвлийн булчингууд сайн бэхэждэг  байна. Булчингийн хүчийг сэргээж өгснөөр  нурууны булчинд  илүү идэвхтэй хөдлөх боломж олгодог. Хэдийгээр цээж хэвлий нурууны булчингууд бэхэждэг ч зэрэгцээд орчны үйлчлэлээр  биеийн жин мэдрэгдэх нь эрс багасаж, ачаалал бүх биеэр жигд хуваарилагддаг тул нуруу, үенд илүүдэл ачаалал ирдэггүй юм байна. Илүү ачаалал багатай, нурууны үенд гэмтэл учруулахгүй хөдөлгөөнөөр хичээллэх боломжтой учир яваандаа нурууны булчингийн чангарал арилж, цус болон тунгалгийн эргэлт сайжирч, үений хаван үрэвсэл багасан, зөөлөн эдийн нөхөн сэргэлт илүү сайн явагддаг.

Нурууны үе хоорондын ивэрхийтэй, нурууны суулттай, илүүдэл жинтэй   хүн усанд тогтмол сэлэхэд нурууны булчин бэхэжсэнээр тулгуурын үүргийг илүү сайн гүйцэтгэх боломжтой болж, гэмтсэн нуруунд ирэх ачааллыг багасгаж өгдөг.

Булчин жигд хөгждөг учир нурууны хэлбэр өөрчлөгдсөн эмгэг өөрчлөлтийн үед усанд сэлэлт тун сайн нөлөөтэй.

Ямар үед усанд сэлэлтээр хичээллэхийг хориглох вэ?

  •     Халдварт өвчтэй бол
  •     Хурц болон архаг үрэвсэлт өвчин сэдэрсэн үед
  •     Хавдрын өвчтэй бол
  •     Зүрхний дутагдал, зүрхний агшилт, хэм алдалт зэрэг өвчтэй бол эмчээсээ зөвлөгөө авсны дараа
  •     Мөөгөнцөр, дерматит, экзем, ил шарх зэрэг арьсны  өвчтэй бол
  •     Бассейны уснаас халдвар авах магадлал маш өндөр. Тиймээс турших ямар ч хэрэггүй.
  •     Хэрвээ нүдний өвчтэй  бол усанд сэлэлтээр хичээллэх талаараа дахин нэг бодож үзээрэй.
Алтанмед эмнэлэг: 7707-1652