Бүсэлхий ууц нуруунд өвдөлт үүсгэж байгаа өвчнүүдийн ялгааг товч тайлбарлая.

Булчин чангарах- Эвгүй байрлалд, тухайлбал хэт удаан бөхийж тонгойж суух, бөхийж зогсох, хүнд юм огцом бөхийж өргөх, нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан суух хэвтэх үед булчин хэт чангарна. Ийм үёд булчин суллах бариа хийлгэж болно. Заримдаа огцом эвгүй хөдөлгөөн хийхэд булчин чангарна.
Нурууны шохойжилт- Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг, зохистой хөдөлгөөн хийдэггүй эсвэл бага хийдэг хүмүүст урт хугацааны турш булчин чангарч, бүсэлхийн нугалмуудыг хооронд нь ойртуулан шахаж байсаар нугалмуудын хооронд орших зөөлөн эд шохойжиж хатуурснаас уян хатан чанараа алдах үйл явц юм. Бариа хийлгэж булчин суллахаас гадна үёний цусан хангамжыг сайжруулах эмчилгээ, хөдөлгөөн засал хавсруулан хийх ёстой. Шавар тавиулах, шарлага хийлгэх, бүлээн жин тавих нь цусны эргэлтийг сайжруулан шохойжих явцыг удаашруулна.
Багана нурууны хэвийн хэлбэр алдагдах- гэмтэл , ажил амьдралын буруу дадал, хэт хөдөлгөөнгүй байдал зэрэг олон шалтгаанаар бүсэлхийн хэвийн хотгор арилах ,тэгшрэх, хэт хотойх, эсрэг тийшээ хотойлт үүсэх, нуруу мурийх зэрэг өөрчлөлт үүсдэг. Бариа хийлгэж булчин суллахаас гадна тусгай техникүүдийг ашиглан бүсэлхий хэсгийн нугалмуудыг зөв хэлбэрт нь оруулах засал хийх, нуруу засалч эмчийн удирдлагаар ивээс эмчилгээ хийх ёстой. Ийм өөрчлөлтүүдийг дан бариагаар засах боломжгүй.
Цүлхийлт үүсэх- Нурууны дээрх өөрчлөлтүүд улам хүндэрснээс үе хоорондын жийргэвч шахагдан цүлхийж нугаснаас нугалам бүрийн хоорондоос хоёр тийш салаалан гардаг захын мэдрэлүүдийг шахаж өвдөлт үүсгэнэ. Улам хүндэрсэн тохиолдолд фиброзон цагираг урагдан жийргэвчийн гель маягийн цөмихэсэг шахагдан гарч ивэрхий үүсгэдэг нь зарим үед нугасыг дардаг.
Их хүнд буюу нугас дарагдах аюултай тулгарсан, өөрөөр хэлбэл цүлхийлтийн улмаас нугас дарагдсанаас доод мөчнүүд саажилт аюул үүссэн үед яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Мэс заслын эмч сэргээн үүсэх эмчилгээ зөвлөсөн бол захын мэдрэл дарагдсан ч нугас дарагдах аюулгүй гэж үзэж бариа, уламжлалт ба сэргээн засах эмчилгээ хийлгэхээс гадна нурууны үенд цүлхийлт үүсгэж байгаа гол шалтгаан болсон хэлбэрийн өөрчлөлтүүдийг хэвийн болтол нь нуруу нугалмын засалч мэргэшсэн эмчээр засуулах, амьдралын буруу дадал хэвшлээ өөрчлөхөд суралцах шаардлагатай.
Бүсэлхий нурууны L4-5 нугалмуудын түвшинд мэдрэл дарагдсан үед хонго, гуяны ар болон хажуугаар дагаж өвдөх, хөл бадайрах шинж илэрдэг.
Бүсэлхийн нугалмуудын гулсалт- Голдуу бүсэлхийн L4-5 нугалмууд урагшаа гулсдаг. Гулсалтын зэрэг их бол бэхэлгээ хийх хагалгаанд орох ёстой. Гулсалтын зэрэг бага бол нугалмын хөдөлгөөнт заслын аргаар гулссан нугалмыг байранд нь оруулах шаардлагатай.
Дарагдлын хугарал- Нурууны хотгор арилан бөгтийсөн үед огцом бөхийх,хүнд юм өргөх зэргээр хэт ачаалал авсанаас, осол гэмтлээс нугалам шахагдаж дарагдлын хугарал үүссэн үед хөдөлгөөнгүй хэвтрийн дэглэм сахиж яс бэхжүүлэх үйлчилгээтэй эм бүтээгдэхүүн хэрэглэх ёстой.
Тэгэхээр та мэргэжлийн нурууны эмчид үзүүлж, шаардлагатай бол илүү нарийвчилсан шинжилгээ өгөх, зөвхөн өөрт тохирсон эмчилгээ сонгох шаардлагатайг ойлгосон байх гэж найдъя.