Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

ЛОРДОЗ ТЭГШИРСЭН ҮЕД ЯАЖ ОНОШИЛЖ ЭМЧЛҮҮЛЭХ ВЭ?


Та хэзээ нэг цагт нурууны рентген зураг авхуулж байсан уу? Хэрэв шинжилгээний хариугаа сайн анхаарч уншвал хүзүүний эсвэл бүсэлхийн лордоз тэгширсэн гэсэн үг байж магадгүй. Учир нь рентген зураг авхуулсан хүмүүсийн бараг 50-60% д энэ шинж илэрсэн байдаг юм. Энэ хэдийгээр уншихад , сонсоход төдий л ноцтой юм шиг санагддаггүй ч хэвийн байдал биш төдийгүй нугалмын гулсалт, суулт, жийргэвчийн ивэрхий, цүлхийлт зэрэг өвдөлт үүсгэдэг ноцтой өөрчлөлтүүдийн суурь болдог учир анхаарахгүй өнгөрөөж боломгүй өөрчлөлт юм.

Хүний багана нуруу хүзүү болон бүсэлхий хэсэгтээ хотгор хэлбэртэй байхыг хэвийн физиологийн хотгор буюу лордоз гэж нэрлэдэг. Эдгээр хэвийн хотойлтууд нь багана нуруунд ирэх ачааллыг багасган, нэг төрлийн амортизаторын үүрэг гүйцэтгэдэг.
Хэт удаан хугацаагаар ачаалалтай ажиллах, бөхийж суух, машин удаан жолоодох гээд бидний амьдралын буруу дадал хэвшлүүдээс шалтгаалан хүзүү, бүсэлхийн хэсэг дэх физиологийн хэвийн хотойлт арилахыг анагаах ухаанд лордоз тэгшрэх, харин хэвийн хотойлт ихсэхийг лордоз ихсэх гэж нэрлэдэг. Тэгэхээр лордоз гэдэг ойлголт нь хэвийн болон эмгэг хоёр ойлголтыг илэрхийлдэг байна.

Ангилал
Багана нурууны хэвийн хотойлтын өөрчлөлтийг хэлбэрээр нь

o Лордоз ихсэх
o Лордоз тэгшрэх буюу арилах

Байрлалаар нь
o Хүзүүний
o Бүсэлхийн гэж ангилна.

Харин сээрний хэсэгт хотгор биш гүдгэр хэлбэртэй, энэ хэлбэр өөрчлөгдөхийг өөрөөр нэрлэдэг.

Үүссэн механизмаар нь

o Анхдагч- Нугалам гулсах, гаж хөгжил, хавдар, үрэвслийн шалтгаанаар, мөн нурууны булчингийн чангарал зэрэг шалтгаанаар үүсдэг.
o Хоёрдогч- Түнхний мултрал, түнхний үений анкилоз зэрэг өвчний улмаас хоёрдогчоор үүсдэг.
Шалтгаан

Гол шалтгаан нь дээр дурдсан өвчнүүдээс гадна ажил амьдралын буруу дадал хэвшил, таргалалт, ажлын нөхцөл, гэмтэл нөлөөлнө.

Шинж тэмдэг

Хүзүүний хэвийн хотгор өөрчлөгдсөн үед:
Толгой их биетэй нэг шугаманд бус, их биеэс урагш байрласнаас хүзүүгээ урагш сунгасан юм шиг харагдах
Хүзүүний хотгор арилах, эсвэл хүзүүгээрээ хэт хотгор болох
Хүзүүний нугалмуудыг тэмтрэхэд эмзэглэлтэй болох
Хүзүүний хэсгийн бөхийх, тонгойх,гэдийх , хазайх, эргүүлэх хөдөлгөөн ямар нэг хэмжээгээр хязгаарлагдан, хүзүүгээ сунгах эргүүлэх хөдөлгөөн хийх үед өвдөлт мэдрэгдэх
Хүзүүний булчин чангарах
Хуян хөөрөх
Гар бадайрах, өвдөх
Амархан ядарч цуцах
Хүзүүний орчим арьсны мэдрэмтгий чанар өөрчлөгдөх
Тархины цусан хангамж өөрчлөгдөх
Толгой өвдөх, эргэх
Хүзүү хааяа гоёодох

Бүсэлхийн хэвийн хотгор өөрчлөгдсөн үед:

Бүсэлхий орчим байнга хөшиж, чилж өвдөх
Удаан суух, хэвтэх, зогсоход өвдөлт чилэлт нэмэгдэх
Бүсэлхийн хэлбэр өөрчлөгдөж лордоз тэгширсэн бол бүсэлхийгээрээ хэт тэгшхэн, лордоз ихэссэн бол бүсэлхийгээрээ хэт хотгор болох, үүнээс шалтгаалан бөгс оцгор эсвэл хавтгай бөгстэй мэт харагдах
Алхаа гишгээ өөрчлөгдөх
Хөдөлгөөний баримжаа хааяа алдагдах
Бүсэлхий хэсгээр бөхийх, хотойх, гэдийх хөдөлгөөн хязгаарлагдах
Хөдөлгөөнгүй хэвтэж , сууж, зогсоход нуруу амархан чилж хөших.
Хүзүү, бүсэлхийн хэвийн хотгор арилсан үед нурууны булчингийн ачаалал ихэссэнээс шалтгаалан зүрх, уушиг, ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдах шинж илэрдэг.
Оношлогоонд ирэхдээ бүтэн нурууны рентген зураг авхуулж ирвэл сайн шүү. Нурууны хотойлт тэгширсэн үед нурууны суулт , мэдрэл дарагдах зэрэг бусад өөрчлөлт голдуу давхар хавсарсан байдаг.

Эмчилгээ
Хотойлтыг хэвийн болгохын тулд бариа, бумба, татлага, зүү эмчилгээ зэрэг уламжлалт- сэргээн засах комплекс эмчилгээ шаардагддаг. Гэхдээ хамгийн үр дүнтэй эмчилгээ бол хөдөлгөөн засал, ивээс эмчилгээг хавсруулан Нугалмын хөдөлгөөн заслын аргаар засах юм. Мөн амьдралын буруу дадал хэвшлийг заавал засах хэрэгтэй.