- Get link
- X
- Other Apps
- Get link
- X
- Other Apps
Алтанмед эмнэлгээс зөвлөж байна.
Цаг авах дугаар: 77071652
Нурууны өвчтэй хүмүүс бие биедээ зөвлөлгөө өгч, хоорондоо мэдээллээ солилцох зорилгоор ажилладаг, бас бариа засалч нарын хөтөлдөг нурууны өвчинтэй холбоотой хэд хэдэн фэйс групп байдаг. Тэр группүүдэд тавигдсан ихэнх постуудыг, дор нь бичигдсэн комментуудыг харж байхад нуруу өвдлөө, хаана бариулах вэ, яах вэ гэж их бичсэн байдаг.
1. Хэдийгээр хоорондоо мэдээлэл солилцох нь зарим талаараа сайн байж болох ч мэргэжлийн бус хүмүүс бие биедээ эмчилгээний зөвлөгөө өгөх нь л их буруу юм. Жишээ нь нуруу чилж өвдлөө гэхэд булчингийн чангарал, бүсэлхийн остеохондроз, спондилит, спондилез, нурууны суулт буюу үе хоорондын зай нарийсах, мэдрэлийн ёзоорын үрэвсэл, жийргэвчийн эмгэгийн эрт үе, тэр ч байтугай бөөрний өвчний үед, ачаалалтай ажлын дараа ч нуруу чилэх зовиур илэрдэг. Бодит үзлэг, зовиур шаналгаа өвчний явцыг нь сонсох, нурууны рентген шаардлагатай бол МРА зургыг нь харж эдгээр үзлэгийн аргуудаар илэрсэн бүх дүгнэлтүүдээ нэгтгэн нурууны өвчний онош тавигддаг юм шүү дээ. Ингэхээр миний нуруу чилж өвдөөд байсан, булчин нь чангарсан байсан, ийм бариач дээр очоод бариа хийлгээд, блок гаргуулаад зүгээр болсон гэж бичихэд яг адилхан нуруу нь чилж өвдөөд байгаа ч булчингийн чангаралтай бус жийргэвчний цүлхийлттэй хүнд бариа блок гаргах эмчилгээ нь цүлхийлтийг нь эдгээхгүй, зарим хүндэрсэн шатанд мэргэжлийн бус, туршлагагүй хүн хийсэн тохиолдолд зовиурыг улам ихэсгэх, цүлхийлтийг ивэрхий болгож хүндрүүлэх ч тохиолдол гарч болох юм.
ХҮН БҮРИЙН ӨВЧНИЙ ШАЛТГААН ӨӨР УЧРААС БҮХ ӨВЧИН НЭГ ИЖИЛ ЭМЧИЛГЭЭГЭЭР ЭДГЭРЭХ БОЛОМЖГҮЙ.
2. Нурууны үенд дарагдлын хугарал үүсчихсэн гэсэн дүгнэлтийн зураг тавьчихсан байхад хүрээд ир, бариад өгье, нуруу нь өвдөөд халуураад байна гэхэд серажимд яв гэж зөвлөж байгаа гэх мэтээр өвчнийг нь хүндрүүлчих вий дээ гэмээр буруу зөвлөгөө өгсөн комментуудыг иймэрхүү төрлийн постны дор хэдэн арваар нь уншиж болно.
Шинэ дарагдлын хугаралтай үед бариулбал хугарал улам хүндэрнэ, нэмж хугарах ч аюултай, халуураад байгаа нь үрэвслийн шинж учир яг ямар эрхтэн үрэвссэнийг тогтоох, тухайлбал ясны үрэвсэлгүй эсэхийг нь тогтоохгүй бол улам аймшигтай эрсдэлд хүргэх магагадгүй.
ӨВЧИН БҮРД ШАЛТГААН, ҮЕ ШАТ, ХҮНДРЭЛ, ТУХАЙН ХҮНИЙ НАС ХҮЙСИЙН ОНЦЛОГООС ШАЛТГААЛАН ӨӨР ӨӨР ЭМЧИЛГЭЭ ШААРДАГДДАГ.
3. Нурууны бүх өвчинд бариа хийлгэж болно, бариагаар бүх өөрчлөлт эдгэнэ гэсэн ойлголт байгаад байх шиг.
Булчин чангарсан үед бариа бол хамгийн тохиромжтой эмчилгээний арга юм. Гэхдээ хүн бүрийн нуруу зөвхөн булчин чангарлаас болж өвддөггүй. Өвчний шалтгаанаас хамааран булчин чангарал шалтгаан болох нь биш харин өвчний шинж тэмдэг маягаар дагалдаж илрэх нь элбэг. Тийм үед булчин суллахаас гадна үндсэн шалтгааны эсрэг эмчилгээг голлон хийнэ. эмчилгээ болгон өөр өөр үйлдэлтэй.
Булчин чангарсан бол булчин суллах зорилгоор барианаас гадна бумбат иллэг, цахилгаан цочроогч ашиглана.
Нурууны үеүүдэд бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас бүтцийн өөрчлөлт үүссэн бол цусан хангамж, бодисын солилцоог сайжруулах зорилгоор бариа, шавар, бумба, эмийн бодис бүхий электрофорез эмчилгээ хийгдэнэ.
Жийргэвчийн цүлхийлт, энэ нь ивэрхий болж хүндэрсэнээс мэдрэл дарагдсан үед үед жийргэвчийн дарагдлыг чөлөөлөх эмчилгээ, магадгүй мэс засал эмчилгээ ч шаардагдах нь бий.
Үрэвсэлтэй үед эмийн эмчилгээ, шивүүр, шарлага болон бусад үрэвсэл намдаах уламжлалт эмчилгээ хийгдэнэ.
Хэрэв өвдөлтгүй ч нуруу мурийсан, аарцаг хазайсан бол бариагаар мурийлтыг эмчлэх боломжгүй, гажилтыг засах тусгай засал хийлгэх хэрэгтэй.
ЭМЧИЛГЭЭ БҮР ӨӨР ӨӨР ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛДЭГ УЧИР ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧМААСАА ХАМААРААД ӨӨР ӨӨР ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА ШААРДДАГДДАГ.
4. Бариа бол засал биш юм. Аарцаг нурууны засал, блок гаргахад үндэслэгдсэн мануальная терапия зэрэг нь харин үасал юм. Гэхдээ өөр өөр заслын олон аргууд байдаг юм. Бидний голлон хэрэглэдэг, өөрсдийн маань боловсруулсан нугалмын хөдөлгөөнт засал бол энэ заслын аргуудтай адил бас л нэг өөр төрлийн заслын арга юм.
НУРУУНЫ БАРИА БОЛ ЗАСЛЫН АРГА БИШ. ТИЙМЭЭС БАРИАГААР ГАЖИЛТЫГ ЗАСАХГҮЙ.
5. Мэдрэлийн маш олон судал, зангилаа, ширхэгийг хамгаалах үүрэгтэй багана нуруу бол эмзэг бөгөөд маш нарийн зохион байгуулалттай эрхтэн юм. Хэдийгээр маш нарийн зохион байгуулалттай, бүрэн сайн судлагдаагүй хүний бие махбодийг машинтай жиших боломжгүй ч хэрэв жиших юм бол машины цахилгааны систем л гэсэн үг. Машины чинь цахилгаанд ямар нэг саатал гараад асахгүй байлаа гэхэд та мэргэшсэн цахилгаанчин л хайдаг биз дээ. Гэтэл мэргэжлийн бус хүнээр эмчилгээ хийлгэх, мэргэжлийн бус хүний зөвлөгөөг дагах нь хэр ноцтой юм бол?
Эмч бүр ч нуруу эмчилдэг юм биш. супер өв тэгш чадвартай эмч байх боломжгүй учир ихэнх эмч нар мэргэшдэг. Мэргэжлийн мэдрэлийн эмч, сэргээн засахын эмч. мэдрэлийн мэс заслын эмч, мэргэжлийн нуруу засалч уламжлалтын эмч нарт хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
БАГАНА НУРУУ ЭМЗЭГ ЭРХТЭН УЧИР МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД Л ХАНДАХ ХЭРЭГТЭЙ.
6. Булчин чангарсан, бага зэрэг мурийлттай үед тэгш бус ачааллаас шалтгаалаад, мөн нурууны өвчин эрт дөнгөж үүсэж эхлэх үедээ байгаа бол нэг хоёр удаагийн бариагаар ч өвдөлт намдах тохиолдол бий. Голдуу хүүхэд залуу хүмүүст ийм тохиолдол бий. Гэтэл настай хүмүүс, хүнд ажил хийдэг, байнга бөхийж тонгойж ажилладаг хүмүүст, нуруунд нөлөөлөхүйц амьдралын буруу дадал хэвшилтэй ид насны хүмүүст нурууны яс, булчин, нугалам хоорондын жийргэвч их өөрчлөлттэй болсон үед удаан хугацааны эмчилгээ шаардлагатай болсон байдаг. Нэг курс эмчилгээгээр бүрэн эдгэрэх нэг хүн байхад нэлээн удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай өөр нэг хүн байна.
ХҮН БҮРД ӨӨР ӨӨР ХЭМЖЭЭНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ТУН ШААРДЛАГАТАЙ БАЙДАГ.
7. Настай хүмүүст нурууны нугалмуудад яс ургаж, үе хоорондын зай их намссанаас жийргэвч цүлхийж мэдрэл дарагдсан үед насан туршдаа эмчлүүлээд ч эдгэшгүй өөрчлөлт үүссэн байдаг. Тийм үед эмчлээд бүрэн эдгэх боломжгүй, одоо байгаагаас улам муутгахгүй байх л боломж байдаг.
ЭРГЭЛТГҮЙ ӨӨРЧЛӨЛТТЭЙ БОЛ НАСАН ТУРШИЙН ЭМЧИЛГЭЭ ШААРДАГДДАГ.
8. Нурууны өвчин хөлөөсөө, нуруунаасаа даарах, буруу байрлалаар удаан суух, хэт хөдөлгөөнгүй суух хэвтэх, зогсоход сэдэрдэг тул даарахгүй, норохгүй, улиралдаа тохируулж хувцаслах гэх мэт уламжлалт эмчилгээ хийлгэх үед баримтлах шаардлагатай ердийн гам дэглэмээс гадна хэт огцом хөдөлгөөн хийхгүй байх, хүнд юм өргөхгүй байх, нуруугаа цэх байлгах зэрэг зөвхөн нурууны өвчний үед барих шаардлагатай тусгай гам дэмүүдийг сайтар барих шаардлагатай байдаг. Энэ гам дэглэм нь нурууны эмчилгээнээс дутахгүй чухал байдаг.
ГАМ ДЭГЛЭМЭЭ САХИХГҮЙ БОЛ НУРУУНЫ ӨВЧИН БҮРЭН ЭДГЭРЭХ БОЛОМЖГҮЙ.
9. Нэг хөлөө байнга ачиж суудаг бол ташааны ясны дээд ирмэг тэр талдаа өндөр болсоноос багана нуруу эсрэг нам байгаа тал уруугаа хазайна. тэгмэгц хүн тэнцвэрээ хадгалахын тулд бүх биеэрээ хазайсны эсрэг тал уруу нь дахин зөнгөөрөө хазайдаг. Үр дүнд нь сколиоз буюу хажуугийн мурийлт үүснэ. Энэ мэтээр бидний хэвийн гэж боддог, тиймээс ч өдөр тутамдаа бидний байнга давтсаар байдаг олон дадал зуршлууд маань нурууны өвчний шалтгаан болдог. Буруу дадал хэвшлээ засахгүйгээр нурууны өвчин, багана нуруунд гарсан өөрчлөлт засрах боломжгүй байдаг. Бариа засал болон бусад эмчилгээ хийгээд зовиур багассан ч хэсэг хугацааны дараа дахиад л зовиурлаж эхэлнэ. Харин эмчилгээтэйгээ зэрэг буруу дадал хэвшлээ засаж эхэлбэл эмчилгээний үр дүн мэдэгдэхүйц илүү байхаас гадна дахин тэр өвчнөөрөө өвчлөхөөс сэргийлэх боломж олдоно.
АЖИЛ, АМЬДРАЛЫН БУРУУ ДАДАЛ ХЭМШЛЭЭ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР НУРУУНЫ ӨВЧИН ЭДГЭРЭХ БОЛОМЖГҮЙ.
10. Ихэнх нурууны өвчтэй хүмүүс удаан хугацааны турш өвдөлт мэдрэхээрээ, эсвэл бүүр огцом хүчтэй өвдөхөөрөө эмчид ханддаг. Өвдөлт мэдрэгдэхээс өмнө таны нуруу өвчинд нэрвэгдээд, хэдийнээ өвдөлт мэдрэхэд бэлэн болчихсон байснаа, хүнд юм өргөж огцом хүч гаргах ч юм уу ямар нэг шалтгыг далимдуулаад илэрсэн л гэсэн үг.
Бага насны хүүхдүүд аль хэдийнээ 2.3-р зэргийн мурийлттай болчихсон хэрнээ огт өвдөлтгүй байдаг. гэтл нуруны мурийлт бол эдгэхэд хэцүү хүнд өвчин байдаг.
ХЭДИЙГЭЭР ӨВДӨНӨ ГЭДЭГ НЬ НУРУУНЫ ӨВЧНИЙ ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ БОЛОВЧ ӨВДӨЛТТЭЙ БОЛ ӨВЧТЭЙ, ӨВДӨЛТГҮЙ БОЛ ЭРҮҮЛ ГЭСЭН ҮГ БИШ.
11. Хүүхэд болохоороо эрүүл байх ёстой гэсэн үг биш. Маш олон эцэг эхчүүд хүүхдээ нурууны мурийлттай гэж таамаглахгүй л явж байдаг. Хүүхэд сурагч болоод удаан сууж хичээллэж, хүнд цүнх нэг талдаа үүрч , үзэг барьж сурах гэж мурийж сууж эхэлсэн цагаасаа л нуруу нь мурийх эрсдэл үүсч эхэлдэг. Жижиг биетэй тул мурийсныг нь анзаарахгүй байсаар бэлгийн бойжил эхлээд бие нь өндөр болж эхэлсэн насанд нь буюу охидыг 10-12, хөвгүүдийг 13-14 насанд нв сая анзаарах нь элбэг. Тэр ч байтугай оюутан болсоны нь дараа эрүүл мэндийн үзлэгт ороод цээжний рентген зураг аваад эмч нуруу чинь мурийлттай байна шүү гэж хэлж анхааруулсан тохиолдол ч нэлээн байх юм.
НУРУУНЫ ӨӨРЧЛӨЛТ БАГА НАСАНД Ч ЭХЭЛСЭН БАЙЖ БОЛНО.
12. Нэг эмнэлэгт үзүүлж эмчлүүллээ ч дээр дурдсан нөхцөл байдлуудын улмаас хүлээсэн үр дүн гарахгүй байх нь бий. Ихэнх хүмүүс нэг удаа эмнэлэгт хэвэж эмчлүүлээд бүрэн эдгэчих байх гэж боддог. Тэр байтугай жийргэвч цүлхийж, фиброзон хальс нь урагдсанаас ивэрхийлж мэдрэлээ дарчихсан тохиолдолд ч бариа хийлгээд жийргэвч нь агшаад хэвэндээ орчихдог байх гэж төсөөлдөг. Гэвч нэг удаагийн эмчилгээгээр зовиур сайн намдахгүй бол эмчилгээ үр дүнгүй байна гэж эмчлүүлэгч бодно. Дахин өөр эмч өөр эмнэлгийн эрэлд гарна. Эмч бүр тухайн хүний зовиурыг намдаахын тулд тактик боловсруулдаг. Хэрэв өвчин хүндэрсэн, өөрчлөлт ихтэй бол та нэг удаагийн эмчилгээний үр дүнгээр эмчилгээний үр дүнг дүгнэх нь өрөөсгөл юм. Хэрэв өөр эмчилгээ шаардлагатай бол зөвлөгөө өгч бусад эмнэлгийн байгууллагыг санал болгон чиглүүлнэ.
НЭГ ЭМНЭЛЭГ, НЭГ ЭМЧЭЭР ДАГНАН ТУУШТАЙ ЭМЧЛҮҮЛЭХ НЬ ҮР ДҮНТЭЙ.
13. Маш их өөрчлөлт үүссэн байхад л мэс засал хийлгэхгүй байх арга байна уу гэж хүмүүс асуудаг. Уламжлалт эсвэл сэргээн засах эмчилгээгээр эдгэрэх боломжтой олон өөрчлөлт байхад яг тийм эмчилгээгээр эдгэрэхгүй шатандаа орчихсон нугасны сувгийн нарийсал, мэдрэл дарагдал зэрэг хэд хэдэн өөрчлөлт ч байдаг. Тухайлбал нугасны сувгийн нарийслын улмаас яваандаа гар хөлд саажилт үүсэх хүндрэл учрах магадлалтай.
Хүн бүр жил ус таарахгүй, зурхай харш гэсэн, айсан, сэтгэл зүй бэлэн биш, санхүүгийн асуудал зэрэг олон шалтгаанаар мэс заслаас зайлсхийдэг ч гол шалтгаан нь үнэн зөв мэдээлэл дутмагаас нурууны өвчний улмаас ирээдүйд учирч болох бүр ч ноцтой хүндрэлийг огт төсөөлөхгүй байгаа явдал юм.
ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БОЛ МЭС ЗАСЛААС БИТГИЙ ТАТГАЛЗААРАЙ. ХЭРЭГТЭЙ БАЙГАА УЧРААС Л ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙГАА ХЭРЭГ.
14. Бид хүзүү, сээр, бүсэлхий ууц гэж нурууны хэсгүүдийг тус тусад нь өөрөөр нэрлэдэг ч үнэндээ багана нуруу гэсэн нэг л бүтцийн хэсгүүд учир хүзүүнд үүссэн асуудал нуруунд, нурууны асуудал хүзүүний бүтцэд нөлөөлдөг. Аарцагны хазайлт эргэлт, гажилт бол бүх нурууны хэсгүүдэд гажилт үүсэх шалтгаан болсон байх тохиолдол олон бий. Тиймээс энэ удаа хүзүүгээ, дараа нь нуруугаа эмчлүүлнэ гэвэл эмчилгээний үр дүн муу байх магадлалтай. Бас бөх бат байшин барья гэвэл барилгынхаа суурийг сайн тавих хэрэгтэй байдаг шиг аарцагны гажилтыг засахгүйгээр нурууг эмчлэх боломжгүй юм.
БАГАНА НУРУУНЫ БҮХ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТООЦОН БҮРЭН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ.
15. Нурууны өвчинд дасгал хөдөлгөөн маш чухал ч гэлээ би нуруундаа яг ямар өөрчлөлттэй юм бэ?, хүзүүний хэвийн хотгор маань ихэссэн юм уу, багассан юм уу? сээрний хэсэг маань хэвийн хэмжээнээс бөгтийсөн үү? гэдгээ, гулсалт, мурийлт бий эсэхийг, бас хийх гэж байгаа дасгал маань нурууны эмгэг хэлбэрт яаж нөлөөлөх боломжтой вэ? энэ дасгалыг хийхэд хүндрэл учрахааргүй байгаа? гулсалт нь ихэсчихгүй байгаа? гэж олон талаас нь сайн бодож сонгохоос гадна яг дасгалаа хийх үедээ дасгал нуруунд тань хэрхэн нөлөөлж байгаа, дасгалын үед булчингийн эсвэл үений ачаалал ихсэж өвдөлт үүсэж байгаа эсэхийг сайн анзаарах хэрэгтэй юмаа.
ХИЧЭЭЛЛЭХ ДАСГАЛАА НУРУУНЫХАА ХЭЛБЭР, ӨӨРЧЛӨЛТӨД ЗОРИУЛАН ЗӨВ СОНГОХ ХЭРЭГТЭЙ.
- Get link
- X
- Other Apps