Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

Жирэмсэн ээжүүдийн заавал унших зөвлөгөө

Маш олон бүсгүйчүүдэд жирэмсэн үед нь, төрсний нь дараа, бас хүүхдээ асрах үед нь нурууны асуудал үүсдэг.

ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮД НУРУУНЫ ТАЛААР ЮУГ ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Жирэмсэн ээжүүдэд өдөр тутам хэвлий дэх хүүхэд нь томорч, бас ураг орчмын ус нэмэгдэж байдаг тул зогсоо, хэвтээ аль ч байрлалд нуруунд ихээхэн даралт ачаалал ирж, улмаар нуруу өвдөх шалтгаан болно. Ураг томрох тусмаа дээшээ харж хэвтсэн байрлалд дээш өрц рүү шахдаг тул амьсгалахад жаахан төвөгтэй болдог. Иймээс жирэмсний сүүлийн саруудад унтах, хэвтэх хамгийн зөв байрлал бол хоёр хөлийнхөө завсар дэр хавчуулан хажуу талаараа хэвтэж унтах байрлал юм. Бүсгүйчүүдэд жирэмсэн үед нуруугаа хэрхэн хамгаалах талаар зарим зөвлөгөө өгмөөр санагддаг.
Хүний хөл, их бие, цээж, хүзүү, толгой босоо тэнхлэгт нэг шугамд байрладаг байх ёстой. Гэтэл жирэмсэн эмэгтэйн гэдэс томрохын хэрээр биеийн босоо шугам урагш шилжинэ. Тиймээс тэнцвэрээ хадгалахын тулд жирэмсэн эмэгтэйчүүд зөнгөөрөө нуруугаа арагш гэдийлгэдэг. Ийм байрлалд бүсэлхийн доод нугалмуудад ердийнхөөсөө илүү ачаалал ирдэг болохоор бараг бүх бүсгүйчүүд жирэмсний сүүл үедээ бага зэрэг нурууны өвдөлт мэдэрдэг байх нь. Бас гэдэс томрох тусам хэвлийн булчингууд сулардаг нь биеийн босоо тэнхлэг урагш татагдан, нуруунд ачаалал үүсгэхэд нөлөөлдөг.
Жирэмсэн эмэгтэй хүн баруун талаараа унтвал зүрхэнд ачаалал их ирдэг болохоор зүүн талаараа унтвал сайн гэсэн зөвлөгөө сошиал дээр харагддаг. Зүрх судасны системийн талаас магадлалтай байж болох ч нуруу судлалын талаас авч үзвэл дандаа нэг талаараа унтаад байвал биеийн ясны бүтцийн хамгийн өргөн хэсэг болох аарцаг яс байнга хэвтэж байгаа талынхаа эсрэг зүг рүү өргөгдсөөр бүсэлхий ууцны хэсэг мурийж, аарцгийн гажилт үүсгэж болох юм.
Жирэмсэн үед гэдсэнд ураг, эхэс, ураг орчмын ус нийлээд бараг 7-8 кг, жирэмсний сүүл үед бараг 10-12 кг жинтэй болдог учир тийм хэмжээний ачааллыг багана нуруунд үзүүлж байдаг. Тиймээс жирэмсний 6 сараас хойших сүүлийн саруудад жирэмсэн ээжүүдэд энэ ачааллаас шалтгаалан нуруу чилж хөших, хэвтэж байгаад эргэхэд нуруу хөшүүн хөдлөхөд бэрхшээлтэй байх, захын цусны эргэлт удааширснаас хөл хавагнах зэрэг шинж анзаарагддаг. Хэрэв жирэмслэхээс өмнө нурууны өвчингүй, нурууны жийргэвчинд цүлхийлт дарагдлын өөрчлөлтгүй байсан бол хүүхэд төрсний дараа мэдрэлийг дарж өвдөлт үүсгэж байсан ачаалал байхгүй болчихсон учир зовуурь аяндаа арилдаг. Харин арилахгүй бол энэ нь жирэмсэн болохоос өмнө таны нуруунд амьдралын буруу дадал хэвшлээс үүдэлтэй суулт, шохойжилт, эсвэл жийргэвчийн дарагдал, цүлхийлт байсан нь жирэмсэн үед ирж байсан удаан хугацааны илүү ачааллаас болоод сэдэрсэн, магадгүй бүр хүндэрсэн байж болох юм гэж ойлгож болно.
Жирэмсэн үед нуруунд байнга ирэх энэ ачааллаас шалтгаалан бүсэлхийн L4 -5, S1 нугалмын түвшинд нугаснаас салаалсан захын мэдрэлийн судаснууд дарагдах магадлалтай байдаг болохоор ууц нуруугаар огцом хөдөлгөөн хийхэд хатгаж өвдөх, түнх рүү хатгах, хөл өвдөх бадайрах шинжүүд илэрч болзошгүй. Тэгвэл хажуу талаараа хэвтээд өвчин намдаах тос, гель түрхэн нуруугаа амраах, зөөлөн иллэг хийлгэх, хөлөө дээш жаахан өндөрт сойж тавиад амраах, унтахдаа, хэвтэж амрахдаа өвдөгнийхөө дор нимгэндүү ивээс бэлдэж байрлуулах зэрэг арга хэрэглээрэй.
Энэ илүү ачаалал дээшээ харж хэвтсэн үед ч нуруунд адилхан ирнэ. Өөрөөр хэлбэл багана нуруун дээр тань хэвтээ үед ч дээрээсээ жирэмсэн биш үеийнхээс илүү даралт учирч байгаа гэсэн үг. Тиймээс жирэмсэн ээжүүд дандаа дээшээ харж хэвтээд, унтаад байвал бүсэлхийн хотгор тэгшрэх маягын өөрчлөлт үүсэж болох тул байрлалаа өөрт тааламжтайгаар ойр ойрхон сольж хааяа дээшээ, хааяа хоёр хажуу тийшээ ээлжилж харж хэвтэж амарч байвал сайн.
Жирэмсэн бол ялангуяа гэдэс томорсон үед доош харж унтах нь гэдэс дээрээ тулж, нуруугаараа бөхийж байрлахад хүргэдэг учир нурууны нугалмууд байнга арагш түлхэгдэн бүсэлхийн лордоз тэгшрэхэд нөлөөлөхөөс гадна хамгийн гол нь дарагдлаас шалтгаалан урагт таны биеэс очих цусан хангамж алдагдах, ургийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх гол аюултай.
Жирэмсэн үед хэт удаан хөдөлгөөнгүй суух, удаан биш ч буруу байрлалд суух, хэт удаан нэг хөл дээрээ ачаалал өгч зогсох, амралтгүй хол алхах, 2-3 кг-аас хүнд ачаа нэг талдаа удаан барьж явах, буруу байрлалд хүндэвтэр ачаа өргөх, дандаа нэг талаараа унтах, хажуу тийш эргэлгүйгээр орноосоо эгцээрээ буруу босох зэрэг олон буруу үйлдлийг бид санамсаргүй хийж байдаг гэдгийг ойлгож, эдгээр үйлдлийг аль болохоор хийхгүй байхыг хичээгээрэй.
Жирэмсэн ээжүүд ганц өөрийнхөө биеийг биш хэвлий дэх хүүхдээ өөрөөр хэлбэл 2 хүнийг дааж, өргөж, тэжээж яваа гэдгээ ойлгон туйлын анхаарал болгоомжтой байх нь хэвлий дэх хүүхдээ хамгаалахаас гадна өөрийн нурууны эрүүл байдлаа хадгалах, төрсний дараа нуруугаа өвдөхөөс сэргийлэх боломж олгоно.
Жирэмсэн үедээ буруу байрлалд удаан хэвтэх, эсвэл удаан суух, буруу байрлалд зогсож сууж байхдаа хүчилж ачаа өргөх, огцом ширүүн хөдөлгөөн хийх зэрэг нь нурууны булчинг чангаруулан, нурууны үе хоорондын жийргэвчийн хэвийн бүтцэд сөргөөр нөлөөлснөөр нурууны өвдөлт үүссэн нь жирэмсний үед төдийгүй хожим төрсний дараа ч мэдрэгдсээр байх боломжтой шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй .
Жирэмсэн эмэгтэйчүүдийн олонх нь нойрны асуудалтай байдаг гэж судлаачид үздэг. Тухгүй, өөрт тохироогүй өндөр дэртэй унтдаг эмэгтэйчүүдэд энэ асуудал их үүсдэг байх магадлалтай. Учир нь өндөр дэрэн дээр унтах үед толгой урагшаа бөхийж байрладаг . Энэ үед хүзүүний булчингууд чангарч, цагаан мөгөөрсөн хоолой, хүзүүний орчим байрладаг судаснууд бага зэрэг боогдоно. Мөн цээж бага зэрэг урагш түлхэгдэж байрласнаар цээжний хөндий дээд талаасаа шахагдах, ураг доороос дээш өрцийг түлхэх гэсэн хоёр нөлөөллийн улмаас амьсгал богиносож тархины зүрхний цусан хангамж буурахад нөлөөлдөг нь нойрны өөрчлөлт үүсгэнэ.
Магадгүй энэ тухгүй, зохимжгүй байрлал нь жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог цээж хорсох, эмч нарын яриагаар ходоодны сөргөөний шинжийг улам ихэсгэдэг байх боломжтой. Тиймээс жирэмсэн үедээ өөрт тохирсон зөв хэлбэр хэмжээтэй дэрийг хэрэглэх нь их чухал юм.
Бас олон эмэгтэйчүүд өмнө нь нуруу өвддөг байсан, жирэмсэн болсон чинь нуруу улам их өвдөөд байна гэж хэлцгээдэг. Хэрэв нэгэнт л хүүхэд төрүүлэхээр шийдсэн бол жирэмсэн болсныхоо дараа биш харин, жирэмсэн болохоосоо өмнө нуруугаа сайн эмчлүүлж байгаад хүүхдээ тээвэл хүүхдийн чинь ч, өөрийн тань ч эрүүл мэндэд тустай юм даа.
Хэрэв нэгэнт жирэмсэн болсон хойноо нуруу нь өвдөж эхэлсэн бол та төрсөнийхөө дараа 1 сараас хойш цаг алдалгүй эмчилгээ хийлгээрэй.