Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

КИФОЗ БУЮУ НУРУУ БӨГТӨР БОЛОХ ЭМГЭГ

 Кифоз гэсэн энэхүү нэр томьёо нь анагаах ухаанд эрүүл, эмгэг хоёр утгыг илэрхийлдэг.

 Физиологийн хэвийн гүдгэр: Хүний биеийн багана нуруу хүзүү, бүсэлхий хэсэгт хотгор, сээр, ууц хэсэгт гүдгэр гэсэн 4 хэвийн мурийлттай. Цээжний болон ууцны хэсэгт илэрдэг хэвийн гүдгэрийг кифоз гэж нэрлэдэг. Хүзүүний лордоз: 20 – 40 градус, сээрний кифоз: 20 – 40 градус, бүсэлхийн лордоз: 30 – 50 градус байхад хэвийн гэж үздэг.


 Эмгэг бөгтөр: Сээр, ууцны гүдгэр хэвийн хэмжээнээс илүү бөгтийж өөрчлөгдсөн эмгэг өөрчлөлтийг бас эмгэг кифоз буюу нуруу бөгтийх гэж нэрлэдэг. Энэ үед нуруу дугуйрч бөхийн, хүзүү, толгой урагш болж өөрчлөгддөг.
Нуруу нь сээр хэсэгтээ 20-45 градусын хооронд хэвийн гүдгэртэй байх ёстой боловч тухайн хүний хэвшсэн байрлал, амьдралын буруу дадал хэвшил, нугалмуудын төрөлхийн болон олдмол бүтцийн гажиг, гэмтлийн улмаас энэ гүдгэр хэвийн хэмжээнээс илүү бөгтөр болж өөрчлөгдөнө. Нуруу бөгтийх нь төрөлхийн гаж хөгжлөөс шалтгаалан үүсэж болохоос гадна
o Ясны сийрэгжилт
o Багана нуруунд суулт өгөх
o Байнга бөгтийж суух, бөгтийж явах, буруу байрлалаар хүнд ачаа өргөх, өндөр дэртэй унтах зэрэг амьдралын буруу хэвшил
o Өсвөр насны хүүхдүүдийн буруу байрлалд компьютер, зурагт, ширээний ард удаан хугацаагаар суух, өсвөр насны охид хөхнөөсөө ичиж байнгын бөгтийж явах зэрэг шалтгаан
o Хорт хавдар болон ясны сүрьеэ зэрэг өвчний улмаас
o Дасгал хөдөлгөөн хийдэггүй, булчингийн хөгжил сул зэрэг олон шалтгааны улмаас үүсч болно.
Кифоз буюу нуруу бөгтийх эмгэгийг шалтгаанаас нь хамаараад 4 ангилдаг.
 Байрлалын бөгтөр: Энэ нь хамгийн нийтлэг тохиолддог хэлбэр бөгөөд настай эмэгтэйчүүдэд голдуу тохиолддог. Өвчний эхэн үед байрлалаа өөрөө засахад тэгширч болдог учир ийнхүү нэрлэдэг. Амьдралын буруу дадал хэвшлээ засч, дасгал хөдөлгөөн хийж нуруу хэвлийн булчинг чангалснаар засагдах боломжтой.
 Шеерманны бөгтөр: Шалтгаан бүрэн тодорхойгүй, бэлгийн бойжилтын үеэс эхэлдэг. Нурууны бөгтөр нь даамжрах явцтай нэмэгдэх хандлагатай, биеийн байрлалаа засаад тэгшрэх боломжгүй, дасгал хөдөлгөөн хийх, хүнд юм өргөх, удаан суух, удаан зогсох зэргээр ачаалал авах үед өвдөлт мэдрэгддэг, гоо зүй, харагдах байдлаас болж хүүхдүүд өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж болзошгүй эмгэг юм. Нурууны бөгтөр нэмэгдэхийн хирээр дотор эрхтэн системүүдийн талаас өөрчлөлт, зовууриуд гарч эхэлдэг.
 Төрөлхийн бөгтөр: Энэ нь төрөлхийн нугалмын дутуу болон илүү, гаж хөгжил зэргээс шалтгаалан үүснэ. Мөн төрөлтийн явцад үүссэн нуруу нугалмын гэмтэл, төрөлтийн хүндрэлээс шалтгаалсан байж болно. Мөн өсвөр насанд гэнэт илэрч болдог.
 Гэмтлийн дараах бөгтөр: Гэмтлийн дараа үүснэ. Гэмтлийн дараа эмчилгээ хийгээгүй эсвэл үр дүнгүй, оновчгүй эмчилгээ хийснээс үүсэж болно. Мөн нас ахисан хүмүүст ясны сийрэгжилтээс шалтгаалсан нугалам дарагдлын хугарлын шалтгаантай үүсэж болно.
Мөн бөхийлтийн зэргээс нь хамааран:
o 1-р зэрэг: 31 – 40 градус
o 2-р зэрэг: 41 – 50 градус
o 3-р зэрэг: 51 – 70 градус
o 4-р зэрэг: 71 градусаас дээш гэж 4 ангилдаг.
Оношлогоо
Та гэртээ дараах аргуудаар гэр бүлийнхнийгээ оношлоорой.
1. Гараа унжуулан 900 градусаар тонгойн зогсоход сээрний хэсэг нийлэхүйдээ овгор харагдах
2. Босоо байрлалд нуруугаа бүрэн тэнийлгэж зогсож чадаж байгаа эсэх
3. Хананд наалдан зогсоход толгойны дагз хананд хүрч байгаа эсэх. Хэрвээ дагз хананд хүрэхгүй байвал мэргэжлийн эмчид хандан үзлэг шинжилгээ хийлгэх шаардлагатай ба нурууны бөгтөрийн 1-р зэргийн үед эмчлэхэд хялбар байдаг учир эрт оношлох нь чухал .
4. Эмчид хандан шаардлагатай бол рентген зураг, СТ, MRI зураг авахуулж оношлуулж болно.
Шинж тэмдэг
Хөнгөн зэргийн нурууны бөгтрийн үед хааяа ядрах, сээр нуруугаар бага зэрэг хөших, чилэх зэрэг шинж тэмдэг илэрдэг ч ноцтой зовуурь илэрдэггүй учир хүмүүс тоохгүй явснаас өвчнөө хүндрүүлэх, хожуу оношлогдох, нурууны ясны хэлбэр өөрчлөгдсөн үед эмнэлэгт хандах нь элбэг. Тиймээс өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдүүдийнхээ нурууны хэлбэрийг ажиглаж байх нь өвчнөөс сэргийлэх, эрт оношлох ач холбогдолтой.
Нуруу бөгтийх өвчнөөс дараах хүндрэлүүд үүсэж болно: Биеийн гоо зүй алдагдах, нуруу байнга өвддөг болох, нуруу их бөгтийж цээжний хэсгийг дарснаас амьсгалын талбай багасаж амьсгаадах, амьсгалын дутагдалд орох, даралт ихсэх, зүрх дэлсэх, хэвлийн хэсэг дарагдсанаас хоолны шингэц муудах, өтгөн хатах, нуруу нугасны мэдрэл дарагдсанаас саа саажилт үүсэх зэрэг.
Эмчилгээ
Нурууны бөгтөр үүссэн шалтгаан, хүнд хөнгөний зэргээс хамаарч эмчилгээг сонгоно:
 Өвдөлт, үрэвсэл намдаах эмийн эмчилгээ хийх
 Хөдөлгөөн засал: Хүзүү, сээр нуруу, бүсэлхийн булчинг хөгжүүлэх дасгалууд
 Физик, сэргээн засах, массаж бариа засал эмчилгээ
 Зүү эмчилгээ
 Бэхэлгээ буюу тусгай корсет өмсөх
 Мэс заслын эмчилгээ - нурууны бөгтийлт хүнд хэлбэртэй бол бөгтийх градусыг багасгах мэс засал хийдэг. Сээр нуруунд төмөр хийж нурууны бөгтрийг багасгах мэс заслыг шаардлагатай бол хийнэ
 Нугалмын хөдөлгөөнт засал эмчилгээ
 Нурууны мэргэшсэн эмчээс зөвлөгөө авч ивээсэн дээр хэвтэх
Мөн та дараах зүйлд анхаарлаа хандуулаарай.
 Өсвөр насны болон бага насны хүүхдүүдийг зөв суулгаж, зогсоож сургах.
 Өсвөр насны охидтой дотно ярилцаж байх
 Шаардлагатай бол нурууны бөгтөр засах корсет зүүх
 Дасгал хөдөлгөөн тогтмол хийх, булчингийн хөгжлийг дэмжих
 Өдөр бүр хананд 10 минутын турш гараа алдалж зогсох