Түргэвчилсэн эмчилгээ гэж юу вэ?

Нурууны гажилт тогтоох энгийн хялбар арга!

 

Та өөрөө өөрийгөө эсвэл ойр дотнынхоо хүмүүсийн нурууг дараах аргачлалаар шалгаж үзэж болно. Бас өөрчлөлтөө ажиглагдаад, түүнийгээ засахдаа нурууныхаа хэлбэр, буруу зогсдог хэвшлээ засаж чадаж байгаа эсэхээ хянахад ашиглаж бас болно.

1. Та хувцсаа тайлаад эсвэл биеэ сайн барьсан хувцас өмсөөд босоо толины өмнө хөлдөө мөрний хэмжээтэй зай аван нүдээ анин зогсоорой.
2. Биеэ тэгш байрлуулаад өөрийгөө тэгшхэн зогслоо гэж бодохоороо 5,6 секундийн дараа нүдээ нээн, хөдлөхгүй үргэлжлүүлэн хэсэг зогсонгоо өөрийгөө сайтар ажиглаарай. Мөн хэн нэгний тусламжтайгаар эгц ард, урд байрлалаас бүтэн биеийнхээ зургийг авхуулаад сайтар ажиглаж, утасныхаа функцийг ашиглан шугам татаж, харьцуулж хэмжсэн ч болно.
3. Тэгээд дараах өөрчлөлтүүд байгаа эсэхийг шинжээрэй.
4. Хэрэв буруу хэвшлээ засах гэж байгаа бол биеэ тэгшилж засаж зогсоод нүдээ анин одоогийнхоо байрлалыг сайтар мэдрэх гэж хичээнэ. Мөн энэ байрлалд зогсоход өөрийн тань ердийн үедээ тэгш зогсож байна гэж боддог байрлалаас ямар ялгаа мэдрэгдэж байгааг сайтар анзаарна.
5. Өөрийнхөө байрлалыг зөв зассан эсэхээ хянахын тулд хэсэг алхах ч юм уу ямар нэг хэлбэрээр байрлалаа өөрчлөөд, дахин толины өмнө нүдээ анин зогсож биеэ тэгш байрлуулсан гэж итгэснийхээ дараа нүдээ нээж, үнэхээр зөв зогссон байна уу эсвэл зөв зогссон гэж бодсон хэр нь дахин буруу зогссон байна уу? гэдгээ хянана.
Дараахи өөрчлөлтүүдийг та анхаарч ажиглахыг хичээгээрэй.
Биеийн урд талаас:
1. Эгмийн шугам дээр, доор биш нэг түвшинд байгаа эсэх
2. Бэлхүүсний хотгор 2 талд ижил хэлбэртэй байгаа эсэх
3. Хүйсээс ташаа хүрэх зай 2 талдаа ижил хэмжээтэй байгаа эсэх, өөрөөр хэлбэл хүйс хэвлийн голд байрлаж байна уу, эсвэл аль нэг тал уруу байрласан уу?
4. Цавины нугалаас нэг түвшинд байгаа эсэх
5. Туранхай бол ташааны ясны дээд ирмэгт үүсэх товгор нэг түвшинд байгаа эсэх
6. Биеийн урд тал босоо шугамд тэгш байрлаж байгаа эсэх
7. Зогсоо байрлалд өвдөг нэг түвшинд байгаа эсэх
8. Гарын хурууны үзүүр 2 талдаа ижил түвшинд байгаа эсэх
9. Хоёр мөрний урд ирмэг нэг хавтгайд байна уу, өөрөөр хэлбэл аль нэг мөр чинь нөгөө мөртэйгөө харьцуулахад арай урд байрлаж байна уу?
10. 2 хөлийн урт ижил байгаа эсэх
11. Хүзүү мөрний уулзварт үүсэж байгаа өнцөг ижил хэлбэртэй өнцөг үүсгэж байгаа эсэх
12. Толгой тань мөрнөөсөө хэт урагш байрлаж байгаа эсэх
13. Хөлөө адилхан байрлалд тавьж байрлуулсан байна уу?
Биеийн ар талаас:
1. Мөрний түвшин, далны дээд доод ирмэг нэг шугамд байгаа эсэх
2. Хоёр хөлийн дагуу татсан босоо шугам адил өндөр, адил налуутай байгаа эсэх
3. Бэлхүүсний нугалааснууд 2 талдаа ижил түвшинд, ижил тоо, ижил урт болон ижил гүнтэй байгаа эсэх
4. Ташаа, ууцны ясны уулзвар дээр үүсдэг гурвалжин хонхорхойн хоёр талын үзүүрийн цэгүүд нурууны голоос адил зайд, ижил түвшинд байрлаж байгаа эсэх
5. Ташааны ар дээд ирмэг нэг түвшинд байгаа эсэх
6. Өгзөгний доод нугалаас нэг түвшинд байгаа эсэх
7. Нурууны сэртэнгүүдийн үүсгэж байгаа босоо шугам тэгш шугамд байрлаж байгаа эсэх
8. Өгзөгний хэлбэр 2 талдаа ижил эсэх, харахад аль нэг нь ар тийшээ илт ажиглагдам өндөр эсвэл намхан байгаа эсэх
Хажуу талаас
1. Толгой, хүзүү, цээж, өгзөг, хөл харьцангуй нэг шугамд байна уу?
2. Толгой хүзүү урагш сунасан байрлалтай байгаа эсэх
3. Цээжний хэсгээрээ бөгтөр харагдаж байгаа эсэх
4. Бүсэлхийн хотгор хэт гүн, эсвэл тэгширсэн, бүүр арагш гүдийсэн байгаа эсэх
5.Хэвлий урагшаа их цүдийсэн харагдаж байгаа эсэх гэх мэт өөрчлөлт байгаа эсэхийг анзаарна.